Ч.Лодойсамбуу: Эрх чөлөөг хууль, дүрмээр хэт барих тусам хумигддаг
Ч.Лодойсамбуу: Эрх чөлөөг хууль, дүрмээр хэт барих тусам хумигддаг

Чуулганы хуралдаанд Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл хэлэлцэгдлээ
Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв. Энэ үеэр хэд хэдэн гишүүн хуулийн төсөлд шүүмжлэлтэй байр суурь илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу энэхүү төслийг анхнаасаа дэмжээгүй гэдгээ онцолж, “эрх чөлөөг хуульчлаад байх тусам хумигдана” хэмээн шүүмжлэв. Тэрбээр 1998 онд батлагдсан хуулиа хэрэгжүүлэхэд л хангалттай гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.
П. Сайнзориг гишүүн гүтгэлгийн асуудлыг сэтгүүлчийн ёс зүйтэй холбон, маргааныг арбитрын тогтолцоогоор шийдвэрлэдэг жишгийг нэвтрүүлэх нь зүйтэй гэв. Мөн сэтгүүлчийн эх сурвалжийг нууцлах зарчим хуулийн төсөлд хангалтгүй туссан гэж шүүмжлэлтэй хандсан.
С. Эрдэнэболд гишүүн сошиал контент бүтээгчдийг сэтгүүлчидтэй адилтгахгүй байх, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг доромжлолтой хольж ойлгохгүй байх шаардлагатайг дурдсан бол А. Ариунзаяа сэтгүүлчийн хувийн цахим хуудсанд илэрхийлсэн үзэл бодлыг хэрхэн ялгах, төрийн мэдээллийг иргэдэд хүргэхдээ тендер зарлах заалт зэрэг нь тодорхой бус байгааг шүүмжилжээ.
Хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг маргаашийн чуулганы үдээс өмнөх хуралдаанаар шийдвэрлэхээр боллоо.