ДАЛАВЧИТ ПУУЖИН ХАРВАХ ТУРШИЛТЫГ КИМ ЖӨН УН АЖИГЛАЖЭЭ
ПЁНЬЯН, 2024 оны нэгдүгээр сарын 29 /Yonhap/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун шумбагч онгоцноос далавчит пуужин харвах туршилтыг удирдан явуулж, цөмийн хөдөлгүүрт шумбагч онгоц бүтээх төсөлтэй танилцсан тухай тус улсын төрийн мэдлийн хэвлэл өнөө өглөө мэдээлжээ.
“Pulhwasal-3-31” пуужингууд нь Зүүн тэнгис дэх жижиг арлын урьдаас тогтоосон байд оновчтой туссан гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн /KCNA/ мэдээлсэн боловч пуужингийн тусгал зэргийн талаарх мэдээллийг дурдаагүй байна.
Өмнөд Солонгосын цэргийнхний мэдэгдсэнээр, Умард Солонгосын тал ням гаргийн өглөөний 8 цагийн орчимд зүүн нутгийн Синпо боомт хот орчмын тэнгисийн орон зайд хэд хэдэн далавчит пуужин харважээ.
Умард Солонгос “Pulhwasal-3-31” нэртэй шинэ далавчит пуужинг өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт анх удаа туршсанаа мэдэгдсэн бөгөөд шинжээчид үүнийг тактикийн цөмийн цэнэгт хошуу тээх чадавхыг сайжруулах оролдлого гэж үзэж байна.
Далавчит пуужингууд нам өндөрт нисэж, маневр хийдэг тул пуужингийн довтолгооноос хамгаалах системээс бултах илүү боломжтой байдаг.