Ч.ЛОДОЙСАМБУУ: ЕРӨНХИЙ САЙД АВЛИГАТАЙ ТЭМЦЭНЭ ГЭЭД ХЭДЭН АВЛИГАЧЫН НЭРИЙГ Л ХЭЛСЭН. ШАЛТГААНЫГ НЬ АРИЛГАХ ЁСТОЙ
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Нийт сонгогчдын 62 хувь нь энэ Ерөнхий сайд биш байна гэж дүн тавьсан. Яагаад тэгсэн бэ гэхээр ардчиллын индексээр бид сүүлийн гурван жилд огцом ухарсан. Өмчийн эрх гэж байхаа больсон. Үг хэлэх эрх чөлөө байхгүй болсон. Хэвлэлийн эрх чөлөөгөөр бас хойшоо үсэрсэн. Сэтгүүлчдийг худалдаж авах гэж оролдоод наймаанд нь орохгүй бол гүтгэж доромжлоод, хорьж байгаа.
Авлигатай биш авлигачинтай тэмцсэн гэж Ерөнхий сайд хэлж байна. Авлигатай тэмцэнэ гэдэг нэртэй хэдэн авлигачын нэрийг л хэлсэн. Авлигатай тэмцэнэ гэдэг бол авлигын шалтгааныг, авлига үүсэх нөхцлийг арилгахыг хэлнэ. Тэгэхээр тэр зүгт анхаарахыг бас хэлнэ. Б.Жаргалан гишүүн бас хэлж байна. Хэтэрхий хар бараан пиар хийсэн гэж.
Үнэхээр өнгөрсөн 3 жилд, ялангуяа энэ жил, сүүлийн хэдэн сард Монголын нийгмийг хувааж талцуулсан үзэл суртлын аргаар нийгмийн оюун ухааныг хордуулж бохирдуулсан. Энэ үйл явдлыг, арга хэмжээнүүдийг хийсэн. Хүний хандлага бол зорилгодоо хүрэхдээ ямар арга хэрэглэж байгаагаасаа харагддаг. Хувийн хэвшлүүд ажиллаж амьдрах боломжгүй боллоо. Цалингаа тавьж чадахгүй дансаа хаалгасан хэд хэдэн томоохон үйлдвэр, компаниуд байна. Төрийн дарамтан дор чинь юу ч хийх боломжгүй болчихлоо.