БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙДТАЙ УУЛЗЛАА

GNNGNN
Sep 17, 2026  
 0
БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙДТАЙ УУЛЗЛАА

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан 2026 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Башак Гэнч Юксэлтэй уулзан, хоёр улсын соёл, спорт, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Талууд уулзалтын эхэнд Монгол, Туркийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлсэн “Мэргэн Тоньюкукийн музей”-г ашиглалтад оруулах бэлтгэл ажил болон тус музейг түүх, соёлын аялал жуулчлалын маршрутад оруулан хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар хэлэлцлээ.

Сайд Ж.Алдаржавхлан Улаанбаатар-Истанбул чиглэлийн нислэгийн тоо, давтамжийг нэмэгдүүлэх нь Монгол Улсад ирэх гадны жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтойг онцоллоо.

Мөн соёлын биет бус өвийг хамгаалах хүрээнд “Эсгий хийх уламжлалт арга”-ыг ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгүүлэхээр хамтран ажиллаж буйг дурдаж, хоёр улсын нүүдлийн соёлын ижил төстэй илэрхийлэл, уламжлалт спортыг аялал жуулчлал, эдийн засгийн хамтын ажиллагаатай уялдуулан хөгжүүлэх боломжийг судлахаар тогтов.