БОХХААБХ-НЫ ДАРГА М.МАНДХАЙ НҮБ-ЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙГУУЛЛАГЫН ДЭД ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ БЕТ БЕЧДОЛЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай өнөөдөр /2026.08.26 /НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэд ерөнхий захирал Бет Бечдол тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Байнгын хорооны дарга уулзалтын эхэнд Монгол Улсад анх удаа ирж буй НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэд ерөнхий захирал болон төлөөлөгчтэй уулзаж байгаадаа талархал илэрхийллээ. Тэрбээр Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын бодлогыг амилуулж ажил хэрэг болгох, орчин цагийн шинэлэг, инновацлаг хөгжлийг бий болгоход тус байгуулага нь урт хугацаанд техникийн туслалцаа, дэмжлэг үзүүлж ирсэн стратегийн чухал түнш гэдгийг онцлон тэмдэглэсэн.
Монгол Улсын Их Хурлын ээлжит чуулганаар байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжих томоохон хуулиуд батлагдсаныг М.Мандхай дарга дэлгэрэнгүй танилцуулаад ялангуяа Хөдөө аж ахуй болон Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлуулахад тус байгууллагаас техникийн дэмжлэг, туслалцааг харамгүй үзүүлсэнд Байнгын хорооны гишүүдийн өмнөөс талархлаа илэрхийллээ.
Түүнчлэн хүнс, хөдөө аж ахуйн салбарт бодлогын шинэчлэлийг хийх эдгээр хуулиудыг үр дүнтэй хэрэгжүүлэх сорилт тулгараад буйг онцлон тэмдэглэв. Батлагдсан хуулиудыг амилуулах, үр нөлөөтэй хэрэгжүүлэхэд тус байгууллагаас техникийн туслалцаа, дэмжлэгийг үргэлжүүлэн үзүүлэхийг хүсэхийн зэрэгцээ хүнс, хөдөө аж ахуйн салбарт хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Байнгын хорооны зүгээс онцгойлон анхаарч, дэмжлэг үзүүлэн ажиллахад бэлэн байна гэв.
Хатагтай Бет Бечдол Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч Талуудын 17 дугаар бага хуралд оролцохоор хүрэлцсэн ирсэн биднийг цаг зав гарган хүлээн авч уулзсанд Байнгын хорооны даргад талархлаа илэрхийлэхийн ялдамд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын ерөнхий захирлын мэндчилгээг уламжлав.
Мөн тэрбээр дэлхийн аль ч улсын хөдөө аж ахуйн салбар нь мал аж ахуй дээр түшиглэдэг гээд Монгол Улсын хувьд хүнсний аюулгүй байдлыг хангах, бэлчээрийн доройтол, тогтвортой мал аж ахуйн талаар бодлогын болон үйлдвэрлэлийн түвшинд анхаарах, ялангуяа малчдын тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, малын эрүүл мэндийг сайжруулах асуудалд цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлж, үр дүнтэй ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн.
Уулзалтаар талууд Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны салбарын бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн талаар санал солилцож, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон Улсын Их Хурлын хооронд бодлого, хууль эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх, хүнсний аюулгүй байдал, тогтвортой бөгөөд уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хөдөө аж ахуй, хүнсний тогтолцоог хөгжүүлэх чиглэлээрх стратегийн хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар хөндөн ярилцав
