Б.ЭНХ-АМГАЛАН: УЛС ТӨРИЙН ЗАХИАЛГАТ ХЭРЭГТ УНАГАХ НЬ ГЭЖ ХАРДАЖ БАЙНА. ДАВЖ ЗААЛДАНА
Өнгөрсөн хоёрдугаар сарын 29-нд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт яллах дүгнэлт үйлдэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн. Түүнийг Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцоод байгаа юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Төрийн ордонд тайлбар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхийн шийдвэртэй холбоотой мэдээлэл өгье. Шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандана. Гэхдээ би гэм буруугүй учраас давж заалдана. Хүн өөрийгөө мэддэг шүү дээ. Би гэм буруугүй гэдгээ хэлье. Давж заалдах болно. Шүүхийн процесс дуусаагүй, шийдвэр эцэслэн гараагүй байна. Цаг нь болохоор баримттай нотолгоотой мэдээлэх болно. Юмны үнэн мөн нь олдоно. Тиймээс та бүхэн битгий зохиол бичиж, гүтгээрэй. Үүнийг улс төрийн захиалгатай гэж хардаж байна" гэлээ.
Эргэн сануулбал, Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Энх-Амгаланд нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч, хоёр жилийн хугацаагаар хорих ял, З.Энхболдод нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч, хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг шүүхэд гаргасан. Харин шүүхээс Б.Энх-Амгаланг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч, 40 сая төгрөгөөр торгох ялаар, З.Энхболдыг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч, 40 сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэлээ.