Б.ОТГОН АВЛИГАЧ УЛСТӨРЧДИЙГ ДЭВШҮҮЛСЭН НАМЫГ ДЭМЖИХГҮЙ БАЙХЫГ УРИАЛАВ
АТГ-ЫН ОЛОН НИЙТИЙН ЗӨВЛӨЛӨӨС ӨНӨӨДӨР /2024.05.08/ МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ.
АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн олон нийттэй харилцах ажлын хэсгийн ахлахч Б.Отгон:
-2024 оны сонгуульд оролцох нам эвслүүд тодорч нэр дэвшүүлэх үйл ажиллагаа явагдаж байгаа энэ үед АТГ-ын Олон нийтийн зөвлөлөөс дараах зөвлөмжүүдийг холбогдох байгууллагуудад хүргүүлж байна.
Нэгдүгээрт. Улс үндэстний ашиг сонирхол, ард түмний эрх ашгийг ямагт дээдлэн сахиж ёс зүйтэй, хэлсэн үг хийсэн ажилдаа хариуцлага хүлээх чадвартай аливаа ашиг сонирхлын зөрчлөөс ангид гэмт хэрэг албан тушаалын хэрэгт холбогдож байгаагүй өв тэгш боловсролтой, эх оронч сэтгэлтэй хүмүүсийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхийг улс төрийн бүх намуудад уриалж байна.
Хоёрдугаарт. Өнгөрсөн хугацаанд Оюутолгойн гэрээ, Эрдэнэтийн луйвар,Хөгжлийн банкны дээрэм, нүүрсний хулгай, ногоон автобус, төмөр зам, ЖДҮ-ийн хулгай, боловсролын зээлийн сангийн талаар бид ярьсан. Тэгвэл уг авлигын хэрэгт холбогдсон хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа мөн шүүхээр шийтгүүлсэн авлигач улстөрчдийг дэвшүүлсэн нам, эвслийг дэмжихгүй байхыг иргэдэд уриалж байна.
Гуравдугаарт. Сонгуульд өрсөлдөх намууд тэгш гараанаас шударга зарчимч өрсөлдөх ёстой. Гэтэл өнөөдөр улс төрийн алба хашиж буй гишүүд, сайд, дарга нар төсвийн хөрөнгийг ашиглаж төрөөс төлөвлөж хэрэгжүүлж байгаа ажил, үр дүн тайланг олон нийтэд тайлагнах нэрийн дор сонгуулийн далд сурталчилгааг явуулж байна. Энэ бүхэн татвар төлөгчдийн мөнгө. Сүүлдээ өөрсдийнхөө хэрэгжүүлж байгаа бодлого үйл ажиллагааг сурталчлан таниулахад төрийн албан хаагчдыг ажиллуулах тухай ил тодоор ярих болсон. Энэ нь намуудыг ижил тэгш гараанаас шударгаар өрсөлдөх зарчмыг зөрчиж байна. Тиймээс Сонгуулийн хууль зөрчсөн бүх үйлдэлд хатуу хяналт тавьж зогсоохыг Сонгуулийн Ерөнхий хорооноос шаардаж байна.
Дөрөвдүгээрт. Сонгогчдын саналыг худалдаж авах замаар Үндсэн хуулийг зөрчиж, хүний эрхэд халдаж буй байдалд хяналт тавьж хамгаалж ажиллахыг ХЭҮК-т хүргүүлнэ.
Тавдугаарт. Сонгуулийн хууль, дүрэм зөрчсөн бүх үйлдэлд шуурхай, шударга арга хэмжээ авч ажиллахыг бүх шатны байгууллагуудад уриалж байна.