АСАШЁРЮҮ Д.ДАГВАДОРЖ: БИЕ МААНЬ БАГА БАГААР ОВОО Л БОЛЖ БАЙНА, БАЯРЛАЛАА ТА БҮХЭНД

GNNGNN
Jul 1, 2024  
 0
АСАШЁРЮҮ Д.ДАГВАДОРЖ: БИЕ МААНЬ БАГА БАГААР ОВОО Л БОЛЖ БАЙНА, БАЯРЛАЛАА ТА БҮХЭНД

Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Японы мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга, Асашёрюү Д.Дагвадоржийн биеийн байдал сайжирч, илааршиж байгаа ажээ. Тэрбээр энэ талаараа өөрийн фэйж хуудастаа “Ай сайхан. Хонь цатгалан. Чоно бүтэн” хэмээн бичиж, зургаа оруулсан байна.

Аса аварга биеийн байдалд нь санаа тавьж буй монголчууддаа талархаж буйгаа илэрхийлээд, “Баярлалаа, та бүхэнд! Бие маань бага багаар овоо л болж байна. Баярлалаа” хэмээн бичжээ.

Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 12-нд цахим хуудсаараа дамжуулан хавдраар өвчилсөн тухайгаа мэдээлж, “Амжилттай даваад гарна гэж найдаж байна. Хавдар. Ямар нь гэдгээс…” хэмээн бичиж байв. Мөн “Би дахин эрүүл болж, инээмсэглэж чадна гэж итгэж байна. Намайг үргэлж дэмждэг бүх хүмүүст талархаж байна” гэж жиргэж байсан билээ.

Их аварга Япон улсыг зорьж, хагалгаа нь амжилттай болж, эх орондоо ирсэн бөгөөд цахим хуудсаараа дамжуулан “Бүх зүйл бүрэн, маш сайн байна. Та бүхэндээ баярлалаа” хэмээн мэдээлсэн юм.

Арлын орныг аа бяр, ухаанаараа байлдан дагуулж, Монгол эх орноо дэлхийн дайдад хангалттай сайнаар сурталчилсан их аваргадаа эрүүл энх, урт наслахыг хүсэн ерөөе.