АН-ЫН БҮЛЭГ: ҮАБЗ-ИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА А.БЯМБАЖАРГАЛД ЁС ЗҮЙН БОЛОН ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХИЙГ ШААРДАЖ БАЙНА
УИХ-ын дахь АН-ын бүлгээс ҮАБЗ-д хандаж, дараах шаардлагыг гаргажээ. Шаардлагад:
-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны Нарийн бичгийн дарга А.Бямбажаргал нь 2026 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалангийн асуултад зохих ёсоор хариулахын оронд түүнийг илтэд гүтгэн доромжилсон үйлдэл гаргасан нь төрийн албаны ёс зүй, хууль дээдлэх зарчимд ноцтойгоор харшилж байна.
Тус үйлдэл нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4-т заасан “бусдын ажил хэрэгч саналыг үл хайхрахгүй байх, мушгин гуйвуулахгүй байх, худал мэдээлэл тараахгүй байх” нийтлэг үүргийг зөрчсөнөөс гадна Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлд заасан ёс зүйн хэм хэмжээг чанд сахих тангаргаас няцсан үйлдэл юм.
Мөн Улсын Их Хурлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.24-т заасны дагуу холбогдох албан тушаалтан нь Улсын Их Хуралд үнэн зөв, бүрэн гүйцэд мэдээлэл өгөх үүрэгтэй байтал А.Бямбажаргал нь уг шаардлагыг ноцтой зөрчсөн байна.
Түүний үйлдэл нь зөвхөн ёс зүйн алдаа төдийгүй Зөрчлийн тухай хуулийн 15.33 дугаар зүйлд заасан “парламентыг үл хүндэтгэх” зөрчилд хамаарах үндэслэлтэй гэж үзэж байна.
Иймд дээр дурдсан хууль, журмын дагуу А.Бямбажаргалд ёс зүйн болон хуулийн хариуцлага хүлээлгэхийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдээс Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг шаардаж байна гэжээ.
