УИХ дахь ХҮН намаас Туулын хурдны зам төслийн хүрээнд байгаль орчны үнэлгээний асуудал, байгаль орчинд нөлөөлж байгаа нөлөөллийн асуудлаар ажлын хэсэг байгуулж, ажилласан дүгнэлтээ танилцууллаа. Туулын хурдны зам төсөл болон УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн талаар мэдээлэл өглөө.
УИХ дахь ХҮН намын зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн П.Ганзориг: Туул голын хурдны замын төслийг манай ажлын хэсэг шалгалаа. 2.3 их наядаар байгаль орчинд халтай, эдийн засгийн өгөөж багатай, түгжрэл бууруулах тал дээр муу төсөл гэж үзсэн. Байгаль, орчны яамнаас энэхүү төслийг түр зогсоосон байгаа гэсэн. Туулын хурдны зам төслийг түр биш, бүр мөсөн зогсоож, уулын замыг дөрвөн эгнээ болгох нь зөв. Энэ төслийн хүрээнд Тойрог 1 болон 2 замыг барьснаар Туулын хурдны замтай нийлээд 6-8 их наяд төгрөг зарцуулахаар байна. Эдийн засаг хүнд үед ийм том төсөл хэрэгжүүлэх нь эдийн засгийн үр өгөөжгүй. Дэлхийн улс орны нөхцөл байдал мөргөлдөөнтэй, нефтийн үнэ өссөнтэй холбоотой эдийн засгийн хямралтай үед энэ шиг томоохон хэмжээний төсөл цаг хугацаандаа дуусаад бодитой нөлөө үзүүлэх боломж бага.
УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл: Туулын хурдны замын эдийн засгийн үр өгөөжийг судаллаа. Энэ том төсөл учраас төсөв, санхүү, эдийн засгийн хувьд дүн шинжилгээ хийхээс өөр аргагүй. 2 их наяд 34 тэрбум төгрөгийг энэ төсөлд зарцуулах юм байна. Ингэхдээ тендерийн хуулийн зарим заалтыг зөрчиж, гүйцэтгэгч компанид тавьдаг шалгуурыг энэ төсөлд бууруулсан байна. 15 жил үйл ажиллагаа явуулсан байх шалгуурыг энэ төсөлд 5 жил болгосон гэх мэт. 2026 оны төсвийн орлоготой харьцуулахад 2.3 их наяд төгрөг нь нийслэлийн нийт төсвийн 93 хувь буюу маш өндөр хувийг эзлэх төсөв.
УИХ-ын гишүүн П.Наранбаяр: Туулын хурдны замын тооцоолол маш муу байна. Туулын хурдны зам, хоёр тойрог замыг барьсны дараа түгжрэлийг 25-30 хүртэл хувиар буурна гэсэн. Өвөл хурдны зам халтиргаа гулгаа ихтэй тул 100 км/цаг хурдтай энэ зам дээр явахгүй. Долоон орц, гарцыг тооцоолоогүй байна. Эдгээр цэгүүд түгжрэлийг улам нэмэх магадлалтай. Туулын хурдны зам 15 хувиар түгжрэлийг бууруулна гэсэн нь дэгс тоо байна. Шинээр зам тавихаар түгжрэл мэдээж тодорхой хувиар буурна. Өвөл давс цацвал хэрхэн залхуулах талаар огт дурдаагүй байсан. Энэ төслийн Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг 2015 хийжээ. Уншиж үзтэл итгэл үнэмшил төрүүлсэнгүй. Учир нь иргэдийнх нь яриа яг ижилхэн байна. Ямар ч байсан зам барих, замыг өргөтгөх, урсгалыг нэмэгдүүлэх байгууламжийг нийслэлд нэмэгдүүлэх хэрэгтэй. Үүний хүрээнд хямд, амьдралд нааштайгаар, уулын замд өргөтгөл хийхэд болно.
ХҮН нам УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах хуулийн төслийг дэмжихгүй
УИХ дахь ХҮН намын зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн П.Ганзориг: УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах хуулийн төслийг дэмжихгүй. Бид өнөөдөр Ерөнхийлөгчөөс өргөн барьсан, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг мөн хэлэлцлээ. Нам УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай заалт одоогийн хуулийн төсөлд багтсан. Тухайлбал хуулийн 9.1.6-д зааснаар гишүүдийг нам нь эгүүлэн татна хэмээсэн. Нам анхнаасаа нэр дэвшүүлэхдээ л сахилга баттай, өндөр ёс суртахуунтай хүнийг л нэр дэвшүүлэх нь зөв. Үндсэн хуулийн цэц мөн эргүүлэн татах эрхтэй болсноор гишүүдийг эгүүлэн татах саналыг тал талаас татах бодит эрсдэл үүснэ.
УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг: Ерөнхийлөгч энэ хуулийн төслөө эргүүлэн татаж, Үндсэн хуульд засан агуулга, хүрээнээс халихгүйгээр төслөө боловсруулах нь зөв. Үндсэн хуулийн зөрчилдөөн нэлээн олон байна. УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөлд гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэд хоногийн дотор Үндсэн хуулийн цэцээр шийдүүлэн хэмээх дэгүүд байх ёстой.