22 ЦАГААС ХОЙШ БУСДЫН АМГАЛАН ТАЙВАН БАЙДЛЫГ АЛДАГДУУЛСАН 86,195 ЗӨРЧИЛ БҮРТГЭГДЖЭЭ
Энэ оны эхний найман сарын байдлаар олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах, 22 цагаас хойш бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх 86,195 зөрчил бүртгэгджээ.
Зөрчлийн тухай хуулийн 5.1 дэх хэсэгт
1.Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон газарт архидан согтуурсан, эсхүл ажил, үйлдвэрлэлийн зайлшгүй шаардлагатай нөхцөл, эсхүл заншлын дагуу хэрэглэж байгаагаас бусад тохиолдолд хот, суурин газарт биедээ хутга, эсхүл хүний биед гэмтэл учруулж болох тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл авч явсан бол зэвсэг, хэрэгслийг хурааж хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Мөн 22 цагаас хойш үймж, шуугилдаж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол Зөрчлийн тухай хуульд авах арга хэмжээг заасан байдаг.
Зөрчлийн тухай хуулийн 5.5 дах хэсэгт
1.Нийтийн зориулалттай орон сууцанд шөнийн цагаар бусад оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
