УИХ-ЫН ГИШҮҮД ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ КОМПАНИЙН ҮЙЛДВЭРТ АЖИЛЛАЛАА

GNNGNN
Dec 26, 2024  
 0
УИХ-ЫН ГИШҮҮД ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ КОМПАНИЙН ҮЙЛДВЭРТ АЖИЛЛАЛАА

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд тус компанийн үйлдвэрт ажиллалаа.

Ажлын хэсгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Энхтуяа ажлын хэсгийн гишүүн УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Б.Уянга, Б.Пунсалмаа,  М.Бадамсүрэн, М.Энхцэцэг нарын гишүүн оролцсон юм. Ажлын хэсгийн гишүүдэд тус компанийн Ерөнхий технологич бөгөөд Технологийн бодлогын хэлтсийн дарга Д.Өлзийбат болон Санхүү, эдийн засгийн газрын дарга А.Батзориг нар танилцуулга өгсөн юм. Танилцуулгад Тавантолгой түлш компаийн үйлдвэрлэж буй шахмал түлш нь 2019 оноос өнөөг хүртэл орц найрлага болоод, түүхий эд нь огт өөрчлөгдөөгүй гэдгийг онцоллоо. Мөн шахмал түлшний технологийн алдаа гараагүй, Монгол Улсад мөрдөгдөж байгаа Хатуу түлшний техникийн шаардлагыг тогтмол хангаж ирснийг хөндлөнгийн лабораторийн шинжилгээгээр баталгаажуулж байгааг хэллээ. Мөн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн талаар ч цөөнгүй ажил хийснийг танилцуулгад дурьсан. Тухайлбал, шахмал түлшний түүхий эдийг солих, чанарыг сайжруулах чиглэлээр туршилт судлагааны ажил хийжээ. Өнөөдрийн үйлдвэрлэж буй шахмал түлшний түүхий эд мидлингийг солихгүйгээр айл өрхийн яндангаас гарах утааны агаарын чанарт үзүүлж буй нөлөөллийг бууруулахад боломжгүй гэдгийг тэрээр онцоллоо. Тиймээс шахмал түлшний түүхий эдийг хагас кокс болон угааж баяжуулсан нүүрсний баяжмалаар хийх шаардлагатай гэв. Тэрчлэн барьцалдуулагч эдийн хувьд импортын болон дотоодын аж ахуйн нэгжийн үйлдвэрлэж буй доломитын орцтой бүтээгдэхүүн ашиглаж байгааг танилцуулллаа. Монгол Улсын тухайд хатуу түлшний барьцалдуулагчийн стандарт байхгүй бөгөөд Тавантолгой түлш компанийн хувьд 2022 оноос барьцалдуулагчийн байгууллагын стандартыг баталж мөрдөж байгаа гэнэ. Үүнийгээ сайжруулуулж улсын стандарт болгуулахаар ажиллаж байгаа гэсэн юм.