СОЛОНГОСЫН САЙН ДУРЫН ШҮДНИЙ ЭМЧ НАР АРИУТГААГҮЙ БАГАЖААР ИРГЭДЭД ҮЗЛЭГ ХИЙСЭН АСУУДЛЫГ ШАЛГАЖ БАЙНА
Солонгосын шүдний эмч нар ариутгаагүй багажаар иргэдэд үзлэг хийж, мэргэжлийн ноцтой алдаа гаргасан гэх асуудал цахим орчинд шүүмжлэл дагуулж байсан юм. Тодруулбал Хэнтий аймгийн Биндэр сумын иргэдэд үнэ төлбөргүй эмчилгээ хийх нэрийдлээр ийнхүү эрүүл мэндэд нь эрсдэл учруулж буй талаар тус сумын Эрүүл Мэндийн Төвийн гэрээт шүдний эмч Х.Хонгорзул гомдол гаргаж, нийтэд мэдээлсэн. Тэгвэл дээрх асуудалтай холбогдуулан ЭМЯ-наас таван хүний бүрэлдэхүүнтэй баг гарч, Биндэр суманд газар дээр нь хяналт шалгалт хийсэн байна. Хэрэглэсэн багаж бусад дагалдах хэрэгслээс сорьц авсан бөгөөд үзлэгийн хариу гартал кабинетыг нь тусгаарлан хаасан байгаа. Иргэдэд үзлэг, эмчилгээ хийсэн тухайн орчинд хяналтын камергүй учраас нотлох баримт байхгүй. Иймээс үзлэг хийсэн газраас сорьц авсан гэх. Мөн гадаадаас ирж байгаа эмч, мэргэжилтнүүд эрүүл мэндийн хөгжлийн төвөөс эмчилгээ, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авах ёстой. Гэтэл ямар ч зөвшөөрөл авалгүй үйл ажиллагаа явуулсан юм байна.
Энэ асуудлыг анх мэдээлсэн эмчид хариуцлага тооцох хууль эрх зүйн үндэслэл байхгүй. Хяналт шалгалт үргэлжилж байна. Удахгүй сорьцын хариу, холбогдох дүгнэлт гарах юм.