ГЭР НУРСАН, БАРИЛГЫН ДЭЭВЭР ХУУЛАРСАН 12 ДУУДЛАГА ИРЖЭЭ
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 17-19-нд нийт нутгаар хүчтэй салхитай, цасан болон шороон шуурга шуурч, зарим аймаг, сумын нутгаар гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрсэн бөгөөд салхи шуурганы улмаас айлын гэр нурсан, барилгын дээвэр хууларсан 12 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс дөрвөн байшин, нэг агуулахын дээвэр хууларч, гурван айлын гэр нурсан дуудлага, мэдээллээр тухайн аймаг, сумын нутгийн захиргааны байгууллагаас хохирлыг тогтоох, сэргээн босгох арга хэмжээг хэрэгжүүлж байна. Баянхонгор аймгийн Галуут суманд дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 16:20 цагийн орчимд 23 м/с хүчтэй шороон шуурга шуурсны улмаас сумын ЗДТГ-ын өвсний агуулахын 10х30 метрийн хэмжээтэй дээврийн 2х4 метрийн хэмжээтэй хэсэг хууларч, мөн аймгийн Бөмбөгөр суманд 22-24 м/с хүчтэй шороон шуурга шуурсны улмаас хүүхдийн цэцэрлэгийн Б байрны дээвэр хууларчээ. Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас төөрсөн, сураггүй болсон гэсэн дуудлага мэдээлэл бүртгэгдээгүй бөгөөд хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учраагүй байна.
