Ж.СҮХБААТАР, А.ГАНХУЯГ НАРТ ХОЛБОГДОХ НОГООН АВТОБУСНЫ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛ ӨНӨӨДӨР БОЛНО
Өнгөрөгч онд нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд худалдан авсан "Ногоон автобус" худалдан авах ажиллагаатай холбоотой Ж.Сүхбаатар, А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно.
Урьдчилсан хэлэлцүүлгийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 24-нд /2024.04.24/ товлосон ч өмгөөлөгчдийн хүсэлтээр хойшлуулаад байсан юм.
Эргэн сануулахад, АТГ-ын шалгалтын явцад "ногоон автобус"-нуудыг үйлдвэрийн технологийн бус аргаар угсарч хийгдсэн гэдгийг тогтоон зарласан.
Одоогийн байдлаар тус хэрэгт 24 хүн яллагдагчаар татагдан шалгагдаж буй бөгөөд тэдний нэг нь УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар. Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/, 22.12 дугаар зүйлийн 1 /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.
Мөн түүнчлэн эл асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол маргаашаас эхлэн хоёр өдөр үргэлжилэх юм.