ЖДҮ-ГИЙН 200 ГАРУЙ МУУ ЗЭЭЛ БАЙГАА БӨГӨӨД НИЙТ ЭРГЭН ТӨЛӨЛТ ₮75 ТЭРБУМ
2019 онд 40 гаруй УИХ-ын гишүүн, төрийн өндөр албан тушаалтнууд ЖДҮ сангаас хамаарал бүхий компаниараа зээл авсан нь илчлэгдэж байв. Тэр цагаас хойш ЖДҮ -ийн зээл гэхээр ихэнх хүнд улс төрчдийн тоносон төрийн сан, төсвөөс хулгайлсан мөнгө гэх бодол хамгийн түрүүнд орж ирдэг нь нууц биш.
Угтаа бол энэ сан болгоё, бүтээе хэмээн зүтгэж буй иргэд, бизнес эрхлэгчдэд хүрч, баялаг бүтээгчдийг бойжуулах учиртай. Гэвч нэгэнт зүүсэн муу нэрээс нь болоод сонирхон судлах хүн цөөрснийг ч үгүйсгэхгүй. Иймд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн өнөөгийн нөхцөл байдал, зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээний талаар нэгтгэн хүргэе.
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан анх 2009 онд байгуулагдсан. Энэ хугацаанд улсын төсөв, Засгийн газрын бонд, орон нутгийн төсөв зэрэг эх үүсвэрээс 753.7 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг бүрдүүлжээ.
- Улсын төсөв - ₮203,6 тэрбум
- Засгийн газрын бонд - ₮290.1 тэрбум
- Хөгжлийн банкны бонд - ₮93.8 тэрбум
- Чингис бонд - ₮99.9 тэрбум
- Орон нутгийн төсөв - ₮32.7 тэрбум
- Банк/ОУ-ын эх үүсвэр -₮33.6 тэрум
- Зээлийн эргэн төлөлт - ₮446.8 тэрбум
Тус сан одоо Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газарт харьяалагддаг болсон. Тодруулбал, 2020 онд Засгийн газрын тогтоолоор Жижиг, дунд үйлдвэр, хоршооны хөгжлийн газар, ЖДҮ санг нэгтгэсэн байна.
Зээлийн эргэн төлөлтийн талаар ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан "Өнгөрсөн хугацаанд 9200 гаруй зээлдэгчид 1.1 их наяд төгрөгийн зээлийг олгосон. 84 хувь зээлээ бүрэн төлсөн. Одоо байгаа 1200 гаруй зээлдэгчийн 200 гаруй нь зээлийн муу ангилалд байгаа. Үүнийг эргэн төлүүлэхээр хууль хяналтын байгууллагад шилжүүлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр оччихсон явж байгаа. Ихэнх муу зээл 2020 оноос өмнөх үеийнх” гэсэн юм. Эдгээр муу зээлийн нийт эргэн төлөлт 75 орчим тэрбум төгрөг. Цаг хугацааны тухайд авч үзвэл улс төрчид ЖДҮ санг зах замбараагүй "төнхсөн" үетэй давхцаж байгаа аж.
Өдгөө харин ЖДҮ сангийн зээлд улсын төсвөөс мөнгө хуваарилахгүй, зээлийн эргэн төлөлтөөрөө санхүүжих горимд шилжсэн аж. Товчхондоо зээлийн эргэн төлөлт хэдий чинээ сайн байна, төдий чинээ дараагийн санхүүжилтийн эх үүсвэр бүрдэх юм байна. Нэг талаар төсвөөс хол хал балгүй шийдэл мэт боловч санхүүгийн эх үүсвэр дутагдлаас шалтгаалан зээл олголт буурчээ.
Тухайлбал, сүүлийн таван жилийн хугацаанд 35,5 мянган төсөлд 5.9 их наяд төгрөгийн зээл авах хүсэлт ирүүлсэн ч 26.1 хувийг нь шийдвэрлэсэн бөгөөд хүссэн санхүүжилтийн 18.6 хувийг олгосон байна.
Иймд хамтарсан санхүүжилтийн хэлбэрээр үйл ажиллагаа үргэлжлүүлэх чиглэл барьж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, дүүрэг, аймаг, орон нутгийн удирдлагууд санаачилгатай ажиллаж, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих чиглэлээр төсөвтөө суулгаснаар зээл татах боломжтой. Иргэдийн аймгуудад харилцан адилгүй зээл олгож байна гэдэг шүүмж үүнээс улбаатай бололтой.
Түүнчлэн "Цагаан алт" зэрэг үндэсний хөдөлгөөн, Бүсчилсэн хөгжлийн бодлого, тухайн аймгаас өмнө нь авсан зээлийн эргэн төлөлтийн хувь зэргийг харгалзан үздэг байна.
Нээлттэй мэдээллийн сангаас харвал, 2026 онд Увс, Орхон, Хэнтий, Дорнод, Сүхбаатар 10 гаруй аймаг, нэг суманд ЖДҮС-гаас хөнгөлттэй зээл олгохоор төлөвлөжээ. Эхнээсээ зээлийн материалыг хүлээн авч, төсөл сонгон шалгаруулалтын шатанд орсон байна. Жишээлбэл,
- Говьсүмбэр аймагт ₮1.5 тэрбум
- Өмнөговь аймагт ₮5.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор хүсэлтийг хүлээн авч дуусжээ.
- Ингэхдээ үндсэн хөрөнгө оруулалтын зээл найм хүртэл жил, эргэлтийн хөрөнгийн зээл тав хүртэл жилийн хугацаатай, зээлийн хүү нь жилийн 5 хувь байхаар тусгажээ.
Ингэхдээ үндсэн хөрөнгийн зээлийн хугацаа найм хүртэлх жил, эргэлтийн хөрөнгийнх тав хүртэлх жил, зээлийн жилийн хүү нь таван хувь байхаар тусгажээ.
