ОТГОНТЭНГЭР УУЛЫН ТАХИЛГА ЗУРГААН САРЫН 17-НД БОЛНО
Отгонтэнгэр уулыг тахих төрийн их ёслол зургаан сарын 17-ны өдөр болох тов зарлагджээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны тавдугаар сарын 6-ны өдрийн 85 дугаар зарлигаар батлагдсан “Төрийн тахилгатай уул, овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам”-ын 1.2.14 дэх хэсэг, мөн 2022 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн 28 дугаар зарлигаар батлагдсан “Төрийн тахилгатай уул, хайрхныг тайх төрийн ёслол үйлдэх хуваарь”-ийн 10 дахь хэсгийг үндэслэн тогтоожээ.
Түүхэн сурвалжуудаас үзвэл Отгонтэнгэр уулыг VI–VIII зууны үед Түрэгийн үед тахиж байсан бөгөөд Манж чин гүрний үед 1779 онд дахин сэргээн тахижээ. Үүний дараа хэсэг хугацаанд тасалдсан ч 1911 онд Богд хааны зарлигаар жил бүр шашны ёсоор тахихаар тогтоож, энэ уламжлал 1930 он хүртэл хадгалагдан үргэлжилжээ.
Харин 1995 оны наймдугаар сарын 1-нд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбатын зарлигаар Отгонтэнгэр уулыг дахин сэргээн тахиж эхэлсэн нь шинэ нийгмийн нөхцөлд төр, шашны харилцан хүндлэл, шүтэлцээг бэхжүүлэх чухал үйл явдал болсон юм. Үүнээс хойш Отгонтэнгэр уулыг дөрвөн жил тутамд төрийн тахилга үйлдэхээр тогтсон байна.
