ЖАГСАГЧИД ӨРГӨТГӨСӨН ШААРДЛАГАА ТАНИЛЦУУЛЛАА

GNNGNN
May 17, 2025  
 0
ЖАГСАГЧИД ӨРГӨТГӨСӨН ШААРДЛАГАА ТАНИЛЦУУЛЛАА

“Огцрох амархан” тайван жагсаал дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Энэ нь Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд улс төрийн хариуцлага хүлээлгэж огцрох анхны шаардлага дээр нэгдсэн аяндаа үүссэн жагсаал юм. Жагсагчдын зүгээс өнөөдөр өргөтгөсөн шаардлагаа танилцууллаа. 

Жагсагч: Бид аливаа улс төрийн нам, хувийн хэвшлийн байгууллагаас ангид байдлаар зөвхөн засаглалын эрүүл тогтолцоог нэхэх, улс төрийн хариуцлага хүлээлгэхийн тулд тогтвортой эвлэлдэн нэгдэж байна. Ийнхүү дөрвөн өдрийн турш цуглахдаа цаасан хэвлэлээр 40 мянга гаруй, UIH цахим өргөл дээр 42 мянга гаруй иргэний гарын үсгийг цуглууллаа. Мөн “Огцрох амархан” олон нийтийн сүлжээний хуудас одоогийн байдлаар 1.7 сая гаруй хаягт нөлөө үзүүлсэн байна. Бидний эхлүүлсэн жагсаалын шаардлагад улс төрийн намуудын удирдлагууд болон эвслийн Засгийн газрын гишүүдийн зүгээс үзүүлж буй хариу үйлдлийг илтэд олон нийтийн эрх ашгаас урвасан үйлдэл гэж үзэж байна. Иймд анхны шаардлагаа өргөтгөж дараах байдлаар танилцуулж байна.

1.   Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ улс төрийн болон ёс зүйн хариуцлага хүлээж өөрийн хүсэлтээр огцрох.

2.   Дараагийн шинэ Засгийн газар эвслийн Засгийн газар байгуулахыг дэмжихгүй.

3.   Албан тушаалтны биш тогтолцооны тогтвортой байдлыг дэмжиж Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй байх. 

Дээрх шаардлагууд нь жагсаалын анхдагч шаардлагыг хангахаас гадна урт хугацааны тогтвортой, хариуцлагатай, ардчилсан, хүний эрхийг дээдэлсэн засаглалыг бүрдүүлэх, парламентын тогтолцоог бэхжүүлэх, Монголын ард түмний нийтлэг эрх ашгийг хамгаалах ач холбогдолтой. Хувийн болон намын эрх ашгаас  илүүтэй ард түмний эрх ашгийг нэн тэргүүнд тавихыг УИХ-ын гишүүд, улс төрийн намуудад уриалж байна. 

Жагсагч: Өргөтгөсөн шаардлагаа танилцуулах болсон шалтгаан нь өнөөдрийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн сонгосон хэвлэлүүддээ өгсөн ярилцлагаас нь дүгнэж болно. Ард иргэдээ "ялаануудаа битгий горьд" гэж хэлснээс харж болно. Үүнд бид тодорхой хэдэн зүйлийг хэлмээр байна.

Нэгдүгээрт, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хийсэн мэдээлэлдээ маш олон оновчгүй зүйлийг ярьж байна. Мега төслүүдийг хэрэгжүүлэх болохоор хэвлэл мэдээллийн байгууллага эсвэл иргэд гарч ирж гацаадаг гэж байна. Биднийг Монгол Улсын хөгжлийн гацаагч гэж нэрлэлээ. Монгол Улсад үргэлжид мега төслийн асуудал байсаар ирсэн. Иймд хүний биш бодлогын тогтвортой байдал хэрэгтэй.

Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн Монголын хөгжлийн төлөөлөл биш. Энэ хүнээс шалтгаалж Монгол Улсын хөгжил гацдаг юм биш. Монголын ардын намын боловсон хүчин яасан бэ гэж асуумаар байна. Энэ намд Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүнээс илүү гарч ирээд эдгээр асуудлыг үргэлжлүүлээд явчих хүн байхгүй болсон юм уу.

Хоёрдугаарт, Монгол Улс эдийн засгийн хямралтай, засаглалын асуудлуудтай нүүр тулсан ч гэсэн бид туурга тусгаар улс гэдгийг Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдад хэлмээр байна. Үндсэн хуульд зааснаар УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага гэлээ.