ЗГ: УЛСЫН НӨӨЦӨӨС 5.3 ТЭРБУМ ТӨГРӨГ ГАРГАЖ, БОЛЗОШГҮЙ ХЯМРАЛД БЭЛДЭНЭ

GNNGNN
Apr 8, 2026  
 0
ЗГ: УЛСЫН НӨӨЦӨӨС  5.3 ТЭРБУМ ТӨГРӨГ ГАРГАЖ, БОЛЗОШГҮЙ ХЯМРАЛД БЭЛДЭНЭ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлаар сайд нар мэдээлэл хийж байна. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар улсын нөөц сангаас 5.3 тэрбум төгрөгийн хөрөнгө гаргаж, үүссэн нөхцөл байдлыг даван туулах арга хэмжээг авахаар болжээ. Мөн хувийн хэвшлийг саадгүй үйл ажиллагаа явуулах хүрээнд төрөөс явуулдаг 9376 хяналт, шалгалтыг зогсоохоор болсныг Шадар сайд Н.Номтойбаяр мэдээллээ.

Тэрээр “Засгийн газрын хуралдаанд Ерөнхий сайд найман асуудлаар үүрэг даалгавар өгсөн. Ойрх Дорнодод үүсэж байгаа асуудалтай холбоотойгоор Монгол Улсад шууд болон шууд  бусаар нөлөөлөл их байна. Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр үүссэн асуудалтай холбоотойгоор болзошгүй эрсдэлийн мэдээлэл өгсөн. Үүнтэй уялдуулаад Засгийн газраас тодорхой шийдвэрүүдийг гаргаж, хохирол багатай энэхүү хямралыг даван туулна. Ерөнхий сайд Н.Учралын зүгээс аливаа асуудлыг шийдэхдээ шалтаг тоочих бус, шийдэл эрэлхийлж түргэн шуурхай ажиллах зарчим барьж байгаа. Энэ хүрээнд нэн тэргүүнд хувийн хэвшлээ бүхий л боломжоор дэмжинэ. Төрийн зүгээс шат дараатай хийгддэг олон шалгалтыг цуцалж, хувийн хэвшлийг хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөлөөр хангахаар боллоо.

Улсын нөөцөөс гаргаж байгаа 5.3 тэрбум төгрөгийг болзошгүй хямаралд бэлэн байдлыг хангах хүрээнд тоног төхөөрөмж бэлдэнэ. Үүн дотроо, хүнд машин механизм, автомашин зэрэг зайлшгүй хэрэгцээтэй байдаг техниз хэрэгслийн бэлэн байдлыг хангана. Хямралт байдалтай уялдуулаад нөөцөд байгаа тоног төхөөрөмжөөс гадна бодлогын арга хэмжээг авч, стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлж, нөөц бүрдүүлэх, эргэлтэд оруулах, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдээ дэмжих чиглэлд шат дараатай арга хэмжээ авна гэлээ.