ЗАМЫН-ҮҮДЭД АЧААНЫ ЦАХИЛГААН АВТОМАШИНД ЗОРИУЛСАН НОГООН ГАРЦ ГАРЦ БАЙГУУЛНА

GNNGNN
Nov 7, 2026  
 0
ЗАМЫН-ҮҮДЭД АЧААНЫ ЦАХИЛГААН АВТОМАШИНД ЗОРИУЛСАН НОГООН ГАРЦ ГАРЦ БАЙГУУЛНА

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Замын-Үүд боомтод /2026.11.07/ ажиллалаа. 

Засгийн газар гаалийн шинэчлэлийн хүрээнд тус боомтын өргөтгөл, шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлсэн. 2025 онд зорчигч болон ачаа тээвэрлэх хүчин чадал гурав дахин нэмэгдэж, 1.4 сая гаруй зорчигч нэвтэрчээ. Гэхдээ гаалийн хяналтын бүсийн хүчин чадал, дэд бүтэц өнөөгийн хэрэгцээ, шаардлагыг бүрэн хангахгүй байгааг боомтынхон хэлэв. Мөн жил тутамд ачаалал нэмэгдэх хандлагатай байна. Иймд Замын-Үүд-Эрээн автозамын боомтын ажиллах цагийн хуваарийг уртасгах санал тавилаа.

Хяналтын бүсүүдийн зай талбайн хүрэлцээ муу, хилийн бүсэд хэт ойр байрласан нь ачаа тээврийн урсгалд зохиомол түгжрэл үүсгэж байна. Овор ихтэй бараатай тээврийн хэрэгслийг байрлуулах хяналтын тавцан,  мөн хяналтын камер, гэрэлтүүлэг зэрэг дэд бүтэц хангалтгүй. 2016 онд суудлын машин шалгах рентген тоног төхөөрөмж суурилуулсан. Урсгал засвар, санхүүжилтгүй тул 2020 оноос хойш ажиллаагүй. Үүний улмаас тээврийн хэрэгсэлд үзлэг, шалгалт явуулахад хүндрэлтэй байгааг хөндөв. Гаалийн ерөнхий газраас ачаа тээвэр, цахим худалдааны барааны нэгдсэн терминал байгуулах төлөвлөлтийг боловсруулж, Сангийн яаманд танилцуулжээ.

Мөн Замын-Үүд дэх гаалийн салбар лаборатори нь амьтан ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд анхан шатны шинжилгээ хийж, нарийвчилсан шинжилгээг Улаанбаатар дахь ХАБҮЛЛ-д илгээж байгаа нь хугацаа алдаж, зардал өсгөж байна. Иймд Замын-Үүд дэх салбар лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, хорио цээрийн шинжилгээг иж бүрэн, шуурхай хийх тоног төхөөрөмж, хүний нөөцийн асуудлыг шийдвэрлүүлэх шаардлагатай байна. Албан хаагчдын ажлын ачаалал их, нөхөн амраах боломжгүй байгааг хөндөв. 

Ерөнхий сайд Н.Учрал:

Үйл ажиллагааг бүрэн цахимжуулж, хүнд суртал, шат дамжлагыг бууруулж, бараа бүтээгдэхүүнийг шуурхай нэвтрүүлэх, лабораторийн хүчин чадлыг бүрэн ашиглаж, газар дээр нь хийх боломжтой шинжилгээг төв рүү давхар илгээдэг байдлыг зогсоох,

Боомтын хүчин чадал, дэд бүтцийг сайжруулахад шаардлагатай санхүүжилт, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж, рентген тоног төхөөрөмжөөр хангах, шинэ терминал барих ажлыг эрчимжүүлэх, терминалын шинэчлэл, засвар үйлчилгээний тендерийн шаардлага, үнэлгээг нягталж, чанар, стандартын шаардлага хангасан гүйцэтгэгчийг хуульд нийцүүлэн шалгаруулж, ажлыг шуурхай эхлүүлэх, гарц нэмэгдүүлэх бэлтгэлийг хангаж, ачааны цахилгаан автомашинд зориулсан тусгай гарц байгуулах, уртасгасан цагаар үргэлжлүүлэн ажиллах боломжийг БНХАУ-ын талтай тохирох,

Засаглал, ил тод байдал, хариуцлагыг сайжруулах хүрээнд гаалийн шалгалт, үнэлгээ, татвар ногдуулалтын шийдвэрийг цахим бүртгэлтэй, хянах боломжтой болгож, албан тушаалтны үзэмжээр асуудал шийдвэрлэх, авлига үүсэх нөхцөлийг арилгах, гаалийн орлогын өөрчлөлтийн шалтгааныг бодит мэдээлэлд тулгуурлан нягталж, дотоод хяналтыг сайжруулах, үйлчилгээний шаардлага, төлбөр, шийдвэрлэх хугацаа, дарааллын мэдээллийг нээлттэй болгож, иргэн, аж ахуйн нэгжийн гомдлыг шуурхай шийдвэрлэж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.