ЮНЕСКО-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРЛЫН ОРЛОГЧ ОСА РЕГНЕРТЭЙ УУЛЗЛАА

GNNGNN
Aug 24, 2026  
 0
ЮНЕСКО-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРЛЫН ОРЛОГЧ ОСА РЕГНЕРТЭЙ УУЛЗЛАА

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан Нэгдсэн Үндэсний Байгууллагын Соёл, боловсрол, шинжлэх ухааны байгууллага (ЮНЕСКО)-гийн Ерөнхий захирлын орлогч хатагтай Оса Регнертай уулзаж, соёлын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр Сайд Ж.Алдаржавхлан Монгол Улс соёлын биет болон биет бус өвийг хадгалан хамгаалах, хойч үедээ өвлүүлэн үлдээх чиглэлээр идэвхтэй ажиллаж байгааг онцлоод, сүүлийн жилүүдэд ЮНЕСКО-той хамтын ажиллагаа эрчимтэй, үр дүнтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

Монгол Улс 2025–2029 онд ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны гишүүнээр анх удаа сонгогдон ажиллаж байгаа бөгөөд Бүгд Найрамдах Солонгос Улсын Бусан хотноо зохион байгуулагдсан ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганы үеэр “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор дурсгалууд”-ыг Дэлхийн өвийн жагсаалтад амжилттай бүртгүүлсэн нь Монгол Улс болон ЮНЕСКО-ийн хамтын ажиллагааны үр дүн гэдгийг онцлов.

Түүнчлэн Монгол Улсаас хууль бусаар хил дамнуулан гаргасан палеонтологийн ховор олдворууд болох 50 гаруй хувийн бүрдэлтэй “Тарбозавр батаар”-ын араг яс болон 28 багц үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг Бүгд Найрамдах Франц Улсаас амжилттай буцаан авчрахад ЮНЕСКО-ийн зүгээс үзүүлсэн дэмжлэгт талархал илэрхийлэв.

Талууд цаашид соёлын өвийг хадгалан хамгаалах, Монголын нүүдлийн соёл, өв уламжлал, уламжлалт мэдлэгийг олон улсад сурталчлан таниулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцож, Дэлхийн өвийн дурсгалт газрын хадгалалт, хамгаалалт, менежментийг сайжруулах, олон улсын сайн туршлага, арга зүйг нэвтрүүлэх, үндэсний мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр ЮНЕСКО болон түүний зөвлөх байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг судлахаар тохиролцлоо.