ЯПОНД КОВИДИЙН ТОХИОЛДОЛ ЕС ДЭХ ДОЛОО ХОНОГТОО НЭМЭГДЛЭЭ
Японы эрүүл мэндийн яам энэ сарын 14-нөөс 21-ний хооронд коронавирусийн шинэ тохиолдол 60,268 бүртгэгдсэн гэж мэдээлжээ. Ингэснээр тус улсад ковидийн тохиолдол ес дэх долоо хоногтоо дараалж нэмэгдэв.
Өнгөрсөн баасан гарагт /2024.01.26/ гаргасан тэрхүү урьдчилсан тоо баримт нь Япон даяар 5 мянга гаруй эрүүл мэндийн байгууллагаас ирсэн датаг ашиглажээ. Өөрөөр хэлбэл 14-нөөс 21-ний хооронд эмнэлгийн байгууллага бүрд 12.23 шинэ тохиолдол бүртгэгдсэн гэсэн үг.
Түүнээс өмнөх долоо хоногт эмнэлгийн байгууллага бүрд 8.96 тохиолдол бүртгэгдсэн юм. Халдварыг мужийн түвшинд авч үзвэл Фүкүшимад 18.99, Ибаракид 18.33, Айчид 17.33, Фүкүокад 10.40, Токиод 8.33, Осакад 7.96 байжээ.
Японд эмнэлгийн байгууллага бүрд бүртгэгдэх шинэ тохиолдлын тоо өнгөрсөн есдүгээр сараас хойш 10 даваагүй юм. Тус улсын 47 мужид коронавирусийн тохиолдлын тоо нэмэгдсэн байна.