ЯЛЛАГДАГЧААР ТАТАГДСАН Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНӨӨГ ХЭР АТГ-Д МЭДҮҮЛЭГ ӨГӨӨГҮЙ БАЙНА

GNNGNN
Aug 4, 2026  
 0
ЯЛЛАГДАГЧААР ТАТАГДСАН Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНӨӨГ ХЭР АТГ-Д МЭДҮҮЛЭГ ӨГӨӨГҮЙ БАЙНА

АНУ руу хилийн дээс даваад зургаан жилийн нүүр үзсэн Монголын Улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж гэнэтхэн эх орондоо ирэв.

Интерполоор эрэн сурвалжлагдаж буй түүнийг Тавантолгойн орд газрын Хятадын компанид 100 жилийн хугацаатай өгөхийг завдсан байж болзошгүй гэх үндэслэлээр АТГ шалгаж байсан билээ. Гэвч нэгэнт өөр улс руу явсны араас шалгалтын ажиллагаа хийхэд хүндрэл үүсэж, царцсан. Харин түүнийг Монголын хилээр нэвтэрсний дараа холбогдох хэргийг нь сэргээж, наадмын өмнөхөн яллагдагчаар татав.

Ингэхдээ АТГ тайлбар, мэдүүлэг авах мэдэгдэл хүргүүлсэн боловч одоогоор Ц.Элбэгдорж очоогүй хэвээр.

Түүнийг Монголд ирсний араас АНУ-д Жеффри Эпстинтэй холбоотой олон жил нууцалсан мөрдөн шалгах баримтуудыг ил болгоход зориулсан хуулийн шинэчлэлийг боловсруулах үйл явц өрнөж буй. 2025 онд ил болгосон мөрдөн шалгах материалууд хязгаарлагдмал. Иймээс олон нийт мэдээллийг бүрэн ил тод болгохыг шаардсаар байгаа билээ. Хууль батлагдвал нууцалсан хэсэггүйгээр бүх баримтууд бүрэн эхээрээ ил тод болох төдийгүй үүнд нь Холбооны мөрдөх товчооны байцаалтын тэмдэглэлүүд ч багтах аж. Мөн Хууль зүйн яам муж болон орон нутгийн прокуроруудад мөрдөн шалгах ажиллагаа, яллах ажиллагаа, шүүхийн хэрэг хянан шийдвэрлэхэд шаардлагатай бүрэн эх баримтуудыг, тэр дундаа нууцын зэрэглэлтэй материалд хандах боломжийг олгох үүрэг хүлээнэ.

Robert J. De Groot хуулийн фирмийн өмгөөлөгч Олег Некритин хэлэхдээ, анхны Эпстиний хэргийн ил тод байдлын тухай хууль нь муж улсын ерөнхий прокурорууд шаардлагатай баримтыг гаргуулан авах боломжийг олгосон хүчтэй хууль байсан гэжээ.

Эпстиний файл дотор улс орнуудын улс төрийн өндөр албан тушаалтнуудын нэр холбогддог бөгөөд Ц.Элбэгдоржийн түүнтэй уулзсан баримтууд ч бий. Эдгээр нь нээлттэй болсон бүх материал биш тул өөр баримтууд удахгүй хуулийн дор дэлгэгдэнэ гэсэн үг.

Эдгээр үйл явдлуудтай зэрэгцэн экс ерөнхийлөгч Монголд ирсэн бөгөөд өнөөг хэр өөрт нь холбогдох олон хавтаст хэргүүдэд хариулт болгож АТГ-д мэдүүлэг өгөх үү, чимээгүй байсаар Америк руу нисэх үү гэдгээс олон зүйл тодорхой харагдах юм.