У.ХҮРЭЛСҮХ: БИД ХАМТДАА ХОЁР ЖИЛИЙН ХУГАЦААНД 42 САЯ МОД ТАРЬЖ УРГУУЛЖ, 63 САЯ СУУЛГАЦТАЙ БОЛСОН БАЙНА

GNNGNN
May 11, 2024  
 0
У.ХҮРЭЛСҮХ: БИД ХАМТДАА ХОЁР ЖИЛИЙН ХУГАЦААНД 42 САЯ МОД ТАРЬЖ УРГУУЛЖ, 63 САЯ СУУЛГАЦТАЙ БОЛСОН БАЙНА

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Бүх нийтийн мод тарих үндэсний өдөр"-ийн нээлтэд өнөөдөр оролцлоо.

Тэрбээр нээлтийн арга хэмжээнд үг хэлэхдээ "Мод тарина гэдэг бол сайхан баярт үйл явдал. Хүн төрөлхтөнд олон бэрхшээл зовлон тулгарч байгаа. Тэр дундаа дэлхий нийтэд уур амьсгалын өөрчлөлттэй нүүр тулж байна. Бид үр хүүхэд, ирээдүйн эх дэлхийнхээ төлөө, үр хүүхдүүдийнхээ төлөө санаа зовнихгүй бол маш том аюул заналхийлэл ирсэн гэдгийг эрдэмтэн судлаачид сануулж байна.

Өнөөдөр дэлхийн хүн ам найман тэрбумд хүрлээ. Хүн амын тоо өсөх тусам олон арван бэрхшээл, сорилт бий болж байна. Зарим нэгийг нь шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай олон сорилтуудтай учирч байна. Үүний нэг нь байгаль дэлхийн эко систем юм. Ард түмэн "Амьдралын эх ус, усны эх мод" гэж ярьдаг. Хаана ус байна тэнд амьдрал байдаг. Хаана мод байна тэнд ус байдаг. Ус, мод хоёр хүйн холбоотой. Устай газар бороо орж байгаль дэлхий хүн малын зоо тэнийдгийг та нар сайн мэднэ дээ. Говьд бороо ордоггүй хангай газар бороо ордгийг та нар сайн мэднэ дээ. Хамгийн их мод ургасан газарт хамгийн их бороо орсон байдаг. Тийм учраас бид мод тарих хэрэгтэй. 

Бид 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарина гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын индер дээрээс хэлж байсныг мэдэж байгаа биз. Бид 10 жилийн хугацаанд тэрбум мод тариад дуусна гэсэн үг биш. Монголчууд бид зуун зуун жил тэрбум тэрбумаар нь мод тарих ёстой. Манай нийт нутаг дэвсгэрийн найм орчим хувь нь ой байдаг. Бид улсынхаа нутаг дэвсгэрийн 50 орчим хувийг ойжуулах ёстой.

Ингэж чадвал Монгол Улс үзэсгэлэн төгөлдөр улс болно. Ингэж чадвал хүн аятай тухтай амьдрах эко систем бүрдэнэ. Цөлжилттэй тэмцэх хамгийн сайн арга бол мод тарих арга гэдгийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Монголчууд зуун зуун жил тэрбум тэрбумаар тоологдох хэмжээний модыг тарих ёстой юм шүү. Энэ ажлыг бид өнөөдөр эхлүүлж, хоёр жилийн хугацаанд ард иргэд өөр сэтгэлгээтэй болсон.

Мод тарьж, эх дэлхийгээ хайрлах ёстой юм байна гэдгийг ард түмнээрээ ухамсарлан ойлгож эхэлсэн. Модыг хоёр аргаар тарьдаг юм байна гэж харсан. Нэгдүгээрт, модыг хүний тархинд, дараа нь газрын хөрсөнд тарих ёстой юм байна. Хүмүүс тархиндаа мод тарьж сурч байна. Энэ сэтгэлгээний өөрчлөлт юм шүү. Бид хамтдаа хоёр жилийн хугацаанд 42 сая мод тарьж ургуулж, 63 сая суулгацтай болсон байна. Хүмүүс хувиараа мод үржүүлж, хортон шавьжийг устгаж, нэг тэрбум мод ургах нөхцөлийг бүрдүүлж чадсан. Та улс орныхоо сайн сайхны төлөө мод тарьж байна гэж бодох ёстой. Мод тарина гэдэг хүн төрөлхтнийг аварч байна гэсэн үг" гэв.