УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ ДЭЛХИЙН ЭМЭГТЭЙ ПАРЛАМЕНТЧДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТЭРГҮҮН НАРЫГ УГТАН АВЧ, МЭНДЧИЛЭВ

GNNGNN
Oct 12, 2026  
 0
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ ДЭЛХИЙН ЭМЭГТЭЙ ПАРЛАМЕНТЧДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТЭРГҮҮН НАРЫГ УГТАН АВЧ, МЭНДЧИЛЭВ

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтад оролцохоор ирсэн төлөөлөгчдийн Тэргүүнүүдийг өнөөдөр Төрийн ордонд /2026.10.12 / угтан авч, мэндчилэв.

“Шийдвэр гаргах явцад төлөөллөөс нөлөөлөлд хүрэх нь” сэдэвт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулган Улаанбаатар хотноо өнөөдөр эхэллээ.
Энэ удаагийн чуулганаар эмэгтэйчүүдийн төлөөллийг бодит нөлөөлөл, үр дүнтэй шийдвэр гаргалт болгон төлөвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна.
Монгол Улс эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ тэдний манлайлал, санаачилгыг бодит шийдвэр, бодит үр дүн болгоход анхаарч ажиллаж байна.
Төлөөлөл бол боломж, харин нөлөөлөл бол ард иргэдийн амьдралд эерэг өөрчлөлт авчрах хариуцлага юм.
Ардчилал, сайн засаглал, хүний эрх, хүртээмжтэй хөгжлийг бэхжүүлэхэд эмэгтэй парламентчдын оролцоо, манлайлал чухал хувь нэмэр оруулсаар байх болно гэдэгт итгэлтэй байна.
Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсэж, Монгол оронд хүрэлцэн ирсэн эрхэм зочид, төлөөлөгчдөдөө тавтай морилохыг хүсье!

Чуулга уулзалтад 23 орны парламентын 88 төлөөлөгч оролцож, "Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдвийн дор парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөллийг шийдвэр гаргах түвшинд бодит нөлөөлөл болгон хөгжүүлэх арга зам, хууль тогтоох үйл явц дахь жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэй улс төрчдийн манлайллыг нэмэгдүүлэх хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, харилцан туршлага мэдлэгээ хуваалцаж, цаашид хамтран ажиллах боломжийн талаар ярилцана.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хоёр өдөр үргэлжлэх энэхүү чуулга уулзалтыг Монгол Улсын Их Хурал, Гадаад харилцааны яам хамтран зохион байгуулж байна.

Чуулга уулзалт нээлтийн арга хэмжээ Төрийн ордны "Их Монгол" танхимд үргэлжилж байна