ТӨСВИЙН ТОДОТГОЛ: ХУВИЙН ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛЬД ТӨРӨӨС ХУВЬСАХ ЗАРДАЛ ОЛГОХГҮЙ

GNNGNN
Jun 27, 2025  
 0
ТӨСВИЙН ТОДОТГОЛ: ХУВИЙН ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛЬД ТӨРӨӨС ХУВЬСАХ ЗАРДАЛ ОЛГОХГҮЙ

Засгийн газраас 2025 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байна. Төсвийн тодотголоор төрийн бүх шатны байгууллагууд урсгал зардлаа бууруулах замаар 1.5 их наяд төгрөгийн хэмнэлт гаргахаар тусгасан байна. Шаардлагагүй орон тоог цомхотгож, шинээр ажлын байр нэмэхгүй. Хоёрт, бүх шатны төрийн байгууллагууд томилолтын зардлаа бууруулж, эд хогшил, тоног төхөөрөмж, байр сав шинээр худалдан авахыг хориглож байгаа аж. Үүнээс гадна салбар бүр рүү чиглэсэн зардлаа бууруулах арга хэмжээг авах юм байна.

Боловсролын салбарт төлөвлөсөн цалин болон хөрөнгө оруулалтын зардалд гар хүрэхгүй. Харин татаас байдлаар хэрэгжүүлж байгаа зарим санхүүжилтийг зогсоохоор тусгасан байна. Тухайлбал:

  • Төрийн бус өмчийн цэцэрлэг, сургуульд олгож байгаа хувьсах зардлын санхүүжилтийг зогсоох;
  • Төрийн өмчийн их дээд сургуулийн байр ашиглалтын төлбөрийг төсвөөс төлөхийг зогсоож өртгийг сургалтын төлбөрт шингээхийг үүрэг болгож байгаа аж.

Дээрх арга хэмжээтэй холбоотойгоор ирэх хичээлийн жилээс хувийн сургууль, цэцэрлэг, төрийн өмчийн их дээд сургуулиудын төлбөр дахин нэмэгдэх магадлалтай юм. Гэхдээ жил бүр хувийн сургууль, цэцэрлэгүүд сургалтын төлбөрөө нэмэгдүүлдэг ч төрөөс хувьсах зардал авсаар ирсэн. Харин төрийн хэмнэлтийн хүрээнд энэ татаасыг зогсоох нь зүйтэй гэж Төсвийн ерөнхийлөн захирагч үзэж байгаа аж.