ТЗХДХ: БУСДААР ГҮЙЦЭТГҮҮЛСЭН АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨР, ХУРААМЖИЙН ЗАРЛАГЫГ БУУРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ ГЭВ

Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны өнөөдөр /2025.06.18/-ийн хуралдаанаар Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2024 оны урсгал зардлын Бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр, хураамжийн зарцуулалтын талаарх Сангийн яам, Үндэсний аудитын газар болон холбогдох бусад байгууллагын мэдээллийг сонслоо.
Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж “Төсөв нь нэг талдаа төрийн үйлчилгээг хүргэх зорилготой ч нөгөө талдаа төр үйлчилгээгээ хүргэхийн тулд хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх шаардлагатай байдаг. Бусдаар гүйцэтгүүлсэн бусад нийтлэг ажил, үйлчилгээний төлбөр, хураамж 2023 онд нийтдээ 1 их наяд 43.1 тэрбум төгрөг батлагдаж байсан бол 2024 онд 1 их наяд 395.9 тэрбум төгрөгийг зарцуулсан байна гэв.
Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Б.Заяабал, нарын гишүүд асуулт асууж, үг хэллээ. Гишүүд 2025 оны төсвийг хэлэлцэх үеэр бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр, хураамж огцом нэмэгдсэн байгаад анхаарлаа хандуулж зардлыг бууруулах шаардлагатайг хэллээ.