ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫГ ХУУЛЬ, ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ШАЛГАЛТ ДУУССАНЫ ДАРАА ШИЙДВЭРЛЭНЭ.
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус 13 дугаар хуралдаан өчигдөр боллоо. Нийслэлийн энэ оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцүүлжээ. Хотын дарга дараах мэдээллийг НИТХ-ын төлөөлөгчдөд өгсөн байна.
Туулын хурдны замыг хууль, хяналтын байгууллагын шалгалт дууссаны дараа шийдвэрлэнэ. Метро төлөвлөсөн хугацаандаа үргэлжилж байна. Ирэх сарын 3-ны өдөр тендер нээнэ.
Дүүжин тээврийн туршилтын тээвэрлэлтийг есдүгээр сард хийнэ. Нийтийн тээврийн олон төрөл бий болгох үүднээс BRT төсөл үргэлжилнэ.
Энэ удаагийн нийслэлийн төсвийн тодотгол зайлшгүй тулгамдсан асуудлуудыг цаг алдалгүй шийдвэрлэхэд чиглэжээ.
Олон улсын геополитикийн нөхцөл байдлын нөлөөгөөр нефть, шатахууны үнэ өсөж, нийтийн тээвэр, хог хаягдлын менежмент, ногоон байгууламжийн арчилгаа зэрэг нийслэлийн суурь үйлчилгээний зардалд нөлөөлжээ.
Иймд үйлчилгээг хэвийн, тогтвортой үргэлжлүүлэхэд шаардлагатай нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэнэ. 2026–2027 оны өвөлжилтийн бэлтгэл хангах, агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний хүрээнд 280 мянган тонн хагас коксон шахмал түлш, 150.0 мянган тонн сайжруулсан шахмал түлш (миддлинг) худалдан авч, хэрэглэгчдэд нийлүүлэхэд шаардлагатай нэмэлт эх үүсвэрийг шийдвэрлэнэ.
Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд өнгөрсөн сарын 31-ний байдлаар гэрээ байгуулаагүй, хөрөнгө оруулалтын төслүүдийн санхүүжилтийг төсвөөс хасна.
Төсвийн үр ашиг, сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх зэрэг шаардлага болсон учраас дээр дурдсан асуудлыг шийдвэрлэж, батлагдсан төсвийн ерөнхий тэнцлийг хадгалж, Нийслэлийн энэ оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг боловсруулжээ.
