МИНИЙ УЛС ТӨРИЙН КАРЬЕР ДУУСААГҮЙ

GNNGNN
May 20, 2024  
 0
МИНИЙ УЛС ТӨРИЙН КАРЬЕР ДУУСААГҮЙ

БАГА ХУРЛЫН ГИШҮҮД МАН-ЫН ТӨВ БАЙР ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ЦУГЛАРЧ БАЙНА. ЭНЭ ҮЕЭР ХОТЫН ДАРГА АСАН СУ.БАТБОЛД СЭТГҮҮЛЧДИЙН АСУУЛТАД ХАРИУЛЛАА.

-МАН нэр дэвших хүмүүсээ сонгох доо ямар зарчим баримтлаасай гэж бодож байна вэ?

-Нэгдүгээрт, Намын бага хурлаар УИХ-ын сонгуульд заасны дагуу нэр дэвших хүнийг баталгаажуулах байх. Мэдээж дэвшүүлж байгаа зорилтоо хэрэгжүүлж чадах тийм хүмүүсийг дэвшүүлэх байх.

Хоёрдугаарт, МАН ууган улс төрийн хүчний хувьд залуу, дунд үе, ахмад үеийн төлөөллүүдээ дэвшүүлэх байх гэж найдаж байна. 

Гуравдугаарт, улс оронд тулгамдаад байгаа зорилтуудыг бодитоор шийдвэрлэж чадахуйц туршлагатай, мэдлэг боловсролтой улс төрийн хат суусан энэ шалгуураа баримтлах байх. Ямар хүмүүс дэвших талаар тодорхой мэдээлэл алга.

-Та өөрөө нэр дэвших үү. Одоогоор юу хийж байна вэ?

-Би одоогоор бага хурлын гишүүн, ТББ-д ажиллаж байна. Надад нас, туршлага байна. Миний улс төрийн карьер дуусаагүй гэж бодож байна. Гэхдээ энэ удаагийн сонгуульд нэр дэвшээгүй. 

-Яагаад нэрээ өгөөгүй вэ?

-Би дэвшмээргүй байгаа байхгүй юу. Хангалттай улс төрд ажилласан. Төрийн ажил бол хийнэ. Улс төрд өрсөлдөх сонирхол алга. Би ордноор явахгүй байгаа болохоос биш бага хурлын гишүүнээ хийгээд улс төрд ойр байгаа.

-Томсгосон тойрогтой болж, УИХ-ын гишүүдийг тоог нэмсэн асуудлыг хэрхэн харж байна вэ?

-126 гишүүнтэй болох юм бол хоёр танхимтай байх ёстой гэдэг байр сууриндаа хэвээрээ байгаа. 30 жил бид нэг парламентаараа хууль үйлдвэрлэлээ. Дэлхийн парламент хоёр танхимтай жишиг рүү явж байна. Өндөр хөгжилтэй бүх улсууд хоёр танхимтай байгаа.