ТӨСВИЙН ТЭНЦВЭРЖҮҮЛСЭН ТЭНЦЭЛ 565.8 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЛДАГДАЛТАЙ ГАРЧЭЭ

Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний 2 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 4.1 их наяд төгрөгт болсон нь өмнөх оны мөн үеийнхээс 1.2 (22.9 хувь) их наяд, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 4 их наяд төгрөгт болж, 1.1 (21.1 хувь) их наяд төгрөгөөр тус тус багасжээ.
Нийт зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ энэ оны эхний 2 сард 4.6 их наяд төгрөгт хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл 565.8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Татварын орлого энэ оны эхний 2 сард 3.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.1 (22.9 хувь) их наяд төгрөгөөр багасахад орлогын албан татварын орлого 591.5 (30.3 хувь) тэрбум, нэмэгдсэн өртгийн албан татвар 119.8 (13.9 хувь) тэрбум, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 542.2 (65.5 хувь) тэрбум төгрөгөөр багассан нь нөлөөлжээ. Харин нийгмийн даатгалын орлого 195.5 (34.8 хувь) тэрбум, гадаад үйл ажиллагааны орлого 32.5 (13.9 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Татварын орлогын 36.1 хувийг орлогын, 19.7 хувийг нэмэгдсэн өртгийн албан татвар, 20.1 хувийг нийгмийн даатгалын, 7.1 хувийг гадаад үйл ажиллагааны орлого, 5.5 хувийг онцгой албан татварын, 11.5 хувийг бусад төрлийн татвар, төлбөр, хураамжийн орлого бүрдүүлэв.
Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ оны эхний 2 сард 4.6 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 830.4 (22.1 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдлээ. Зарлага өсөхөд бараа, үйлчилгээний зардал өмнөх оны мөн үеийнхээс 348.5 (31.1 хувь) тэрбум, урсгал шилжүүлэг 507.7 (32.5 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлөв. Харин хөрөнгийн зардал 137.4 (21.3 хувь) тэрбум төгрөгөөр багаслаа. Дээрх хугцаанд нийт зардалд урсгал шилжүүлэг 45.3, бараа үйлчилгээний зардал 32.1, хөрөнгийн зардал 11.1, хүүгийн зардал 7.7, татаас 3.8 хувийг эзэлж байв.
Хөрөнгийн зардал гэхэд 508.9 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 137.4 (21.3 хувь) тэрбум төгрөгөөр багаслаа. Үүнд барилга байгууламжийн зардал өмнөх оны мөн үеийнхээс 86.7 (17.1 хувь) тэрбум, тоног төхөөрөмжийн зардал 62.7 (62.9 хувь) тэрбум төгрөгөөр багассан нь голлон нөлөөлөв. Харин бусад хөрөнгийн зардал 10.6 (32.3 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.