ТӨРИЙН ӨМЧИЙН СУРГУУЛИЙН 67 ХУВЬ НЬ 36 БУЮУ ТҮҮНЭЭС ДЭЭШ СУРАЛЦАГЧТАЙ

GNNGNN
Jul 8, 2026  
 0
ТӨРИЙН ӨМЧИЙН СУРГУУЛИЙН 67 ХУВЬ НЬ 36 БУЮУ ТҮҮНЭЭС ДЭЭШ СУРАЛЦАГЧТАЙ

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх шийдэл, судалгаа, газар чөлөөлөлтийн талаар холбогдох газрууд санал солилцлоо. 

Төрийн өмчийн сургуулийн 5429 бүлэг буюу 67 хувь нь 36 буюу түүнээс дээш суралцагчтай байгаа юм.

Судалгаанд хамрагдсан нийслэлийн төрийн өмчийн 161 сургуульд 335 мянга гаруй хүүхэд суралцдаг. Нийт суралцагчийн 47.7 хувь нь бага бүлгийн суралцагчид. Бага бүлгийн хүүхдүүдийг сургуульд зөөх, хамран сурах тойргоосоо өөр сургуульд суралцах зэрэг нь замын хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлдэг.

Сургууль, цэцэрлэг амарсан үед тээврийн хэрэгслийн зорчилт буурдаг талаарх судалгааг нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төвийн Систем, динамик загварчлалын газрын захирал М.Гэрэлт-Од танилцууллаа. Нийслэлийн ЕБС-ийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр Дэлхийн банк, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний талаар нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин мэдээлэл өглөө.

Нийслэл 2026 он гарснаас хойш 5 сургууль, 3 цэцэрлэг, 2 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 1 спорт заал гээд нийт 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авсан байна. Ингэснээр 4890 хүүхэд хамран сурах тойрогтоо суралцах боломжтой боллоо. Тиймээс нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх шийдлүүдийг хэлэлцлээ.

2026 онд нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 31 байршилд сургууль барих зорилгоор газар чөлөөлж байна. Үргэлжлүүлэн нийслэлийн ЕБС-ийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар Боловсролын яам, Дэлхийн банктай өргөтгөсөн уулзалт зохион байгуулахаар боллоо.