НААДМЫН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛЛАХ ХУВААРЬ
Үндэсний их баяр наадам энэ сарын 10-15-ны өдрүүдэд болно. Засгийн газрын шийдвэрээр энэ сарын 10-19-ний хооронд, нийт 10 хоног бүх нийтээр амарна.
Төмөр зам, агаарын боомтууд энэ хугацаанд хэвийн үйл ажиллагаагаа явуулна.
Автозамын хилийн боомтуудын хувьд ОХУ-тай хиллэдэг Алтанбулаг, Эрээнцав, Ханх боомт хэвийн ажиллана. Цагааннуур (Баян-Өлгий), Боршоо, Тэс (Увс), Арцсуурь (Завхан), Ульхан (Дорнод) боомтууд энэ сарын 9-ний орой хаагдаж, 10-15-ны өдрүүдэд түр хаалттай, 16-наас хэвийн горимд шилжинэ.
БНХАУ-тай хиллэдэг 12 авто замын боомт бүгд энэ сарын 10-ны орой хаагдаж, 11-15-ны өдрүүдэд түр хаалттай, 16-ны өглөө нээгдэнэ. Хил хаагдахаас өмнө орж ирсэн импортын ачааны гаалийн бүрдүүлэлт наадмын өдрүүдэд хэвийн явагдана.
Гүний гаалийн ачаа хүлээн авах терминалуудыг хувийн байгууллагууд хариуцан ажиллуулдаг тул бараа, тээврийн хэрэгслээ заавал хүлээн авах шаардлагатай аж ахуйн нэгжүүд тухайн терминал эрхлэгчтэйгээ урьдчилан тохиролцохыг Гаалийн ерөнхий газар зөвлөв.
Наадмын амралтын өдрүүдэд харьяа гаалийн газар, хороодод "хариуцлагатай жижүүр" ажиллаж, шаардлагатай тохиолдолд гаалийн бүрдүүлэлтийг хийж ажиллана.
Иймд аж ахуйн нэгж, иргэд яаралтай хүлээн авах шаардлагатай бараа, тээврийн хэрэгслийн мэдээллээ тээвэр зуучийн байгууллага, гаалийн хяналтын бүсийн эзэмшигчдэд урьдчилан мэдэгдэхийг хүсэж байна. Мөн бүрдүүлэлтийн цахим төвд ачаалал нэмэгдэхтэй холбогдуулан нэмэлт албан хаагчдыг татан оролцуулж, хариуцлагатай жижүүр байцаагч нар аж ахуйн нэгжийн бүрдүүлэлтийг тасралтгүй гүйцэтгэнэ.
Гаалийн ерөнхий газар, олон нийттэй харилцах төв
