"ШИМИЙН АРХИЙГ ХУДАЛДАХ ЗОРИЛГООР ҮЙЛДВЭРЛЭХ БОЛ ЗААВАЛ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ АВНА"

Зөвшөөрлийн тухай хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг архи, согтууруулах ундааны зөвшөөрөлтэй холбоотойгоор сошиал хуудастаа мэдээлэл оруулжээ.
Тэрбээр "Өрхийн хэрэглээнд нэрж байгаа шимийн архинд зөвшөөрөл шаардана гэсэн зүйл огт байхгүй. Харин худалдан борлуулах зорилгоор шимийн архи үйлдвэрлэх гэж байгаа бол заавал тусгай зөвшөөрөл авна.
Архи, согтууруулах ундааг үйлдвэрлэх, худалдан борлуулах нь өөрөө хүний амь нас, эрүүл мэнд, амьдрал ахуй, аюулгүй байдалтай шууд холбоотой тул салбарын хуулиуд төдийгүй зөвшөөрлийн харилцаагаар зохицуулах зайлшгүй шаардлагатай.
Сүүлийн үед цахим орчинд айл өрх шимийн архи нэрэхэд зөвшөөрөл авдаг болгох гэж байна гэх ташаа мэдээлэл гараад байна. Тийм зүйл огт байхгүй гэдгийг онцлон хэлье.
Миний бие 2022 онд Зөвшөөрлийн хуулийг шинэчилж төрөөс олгодог 1600 гаруй зөвшөөрлийг тав дахин бууруулж байсан. Одоо ч иргэн аж ахуй нэгжийг дэмжих зорилгоор Зөвшөөрлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийг дахин ахалж байна. Гол зохицуулалт нь тодорхой тооны зөвшөөрлийг “Мэдэгдэл” болгох юм.
Иргэн тодорхой үйл ажиллагаа эрхлэхдээ эрх бүхий байгууллагад мэдэгдэл явуулаад шууд үйл ажиллагаа эрхэлдэг болно. Би ийм үйл ажиллагаа эрхлэх гэж байна, татвар төлөгчийн бүртгэлийн дугаар энэ гэж мэдэгдээд шууд үйл ажиллагаа явуулах боломжтой болгох юм." гэжээ.