Ш.АРИУНАА: ХАВДРЫГ ӨРХИЙН ОРЛОГЫГ ТООЦОЖ ЭМЧИЛНЭ ГЭЖ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ
Эрүүл мэндийн даатгалтай холбоотой журмын өөрчлөлтөөс болж хорт хавдартай хүмүүс хохирч эхэлсэн талаар мэдээлэл хийлээ. "Наран ижий" ТББ-ын төлөөлөл Ш.Ариунаа "Дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн ЭМД-ийн шинэчилсэн тогтоолтой холбоотой хорт хавдар даван туулагчдад эрсдэл үүсээд байна. Өндөр өртөгтэй шинжилгээ хувь тэнцүүлсэн төлбөртэй болж ирсэн. Улсын хэмжээнд 28500 орчим иргэн хорт хавдартай гэж тогтоогдсон.
ТҮҮНЭЭС 7244 ХҮН ӨНГӨРСӨН ОНОНОШЛОГДСОН. 4556 НЬ ТЭНГЭРТ ДЭВШЖЭЭ.
Урт удаан хугацаанд эмчилгээ хийгддэг, хорт хавдартай тэмцэж байгаа хүмүүст энэ тогтоол хүнд шийдвэр тусч байна. Төр эмчилгээ үйлчилгээг 100 хувь хариуцах гэж байгаа ч тогтоолын 2.6.4 дээр үг өгүүлбэр бүрээр “орлогын түвшин бага, тухайн өдрийн эмчилгээнд орж ирэх иргэдээс сонголт хийнэ” гэж заасэн. Ингэснээр иргэдээ ялгаварлан гадуурхахгүй, хүртээмжтэй эмнэлгийн үйлчилгээ өгнө гэсэн хуулийг зөрчиж байна.
Хавдар задарна, үсэрхийлнэ гээд маш аюултай. Гүйцэтгэлээр санхүүжүүлж байгаа гэсэн боловч санхүүжилт нь зогслоо. Өрхийн орлогыг тооцож эмчилнэ гэж юу гэсэн үг вэ. Амьдралын буруу хэвшил дадал зуршил, хоол хүнсний аюулгүй байдал алдагдсан байна. Олон хүчин зүйл хавдарт нөлөөлж байна. Өвчлөл улам залуужиж байна. Иймээс иргэдийн эрүүл мэндийн мэдлэг мэдээллийг сайжруулах хэрэгтэй байна" гэлээ.
Даван туулагч "Хавдрын эсрэг эм өмнө нь даатгалаар авдаг байсан. Сүүлийн гурван сард эм тасарснаас хувийн эмийн сангуудаас 97-100 мянган төгрөгөөр худалдан авч байна. Өөрсдөө үнэтэй зараад байдаг. Хөнгөлөлттэй авах гэхээр байдаггүй" гэлээ.