СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ДОРНОДОД 44 НАСТАЙ ЭМЭГТЭЙ СОГТУУРСАН ҮЕДЭЭ НӨХРӨӨ МЭСЭЭР ХӨНӨӨЖЭЭ
Дорнод аймагт 44 настай эмэгтэй архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ маргааны улмаас нөхрөө мэсээр хөнөөсөн хэрэг гарчээ.
Шүүгдэгч “...Би хийсэн үйлдэлдээ маш их харамсаж гэмшиж байгаа. Миний ард настай ээж маань хоёр хүүхдийг минь харж үлдэх нь. Хадам ээж маань надад сайн ханддаг байсан. Тухайн өдөр гэртээ ороод нөхөртэйгөө маргалдаж намайг зодсон. Түүнээс хойш болсон үйл явдлын талаар мэдэхгүй байна...” хэмээн мэдүүлсэн байдаг.
Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч "Энэ асуудлаас болж ээжийн маань сэтгэл санааны байдал нь хэцүү байгаа ба ах дүү нар нь ч гэсэн бүгд гомдолтой. Эхнэр нь ширүүн ааштай хүн учраас ахыг маань зоддог байсан" хэмээн мэдүүлэгтээ хэлжээ.
Мөн шүүх дээр "оршуулгын зардал 8,286,071 төгрөг болон ахынхаа цалингийн зээлийн үлдэгдэлд төлсөн 4,738,000 төгрөг нийт 13,024,071 төгрөгөөс гадна сэтгэцэд учирсан хор уршигт 99,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Маш их гомдолтой байна…” хэмээн амь хохирогчийн ар гэрээс мэдүүлэв.
Гэрч "…Унтаж байхад хажуу айл буюу төрсөн эгч нь нөхөртэйгөө хэрэлдэж байгаа нь чанга сонсогдож байсан. Тэгэхээр нь энэ хоёр ахиад хэрэлджээ гэж бодоод айхтар тоогоогүй буцаад унтаад өгсөн. Гэрийн хаалга онгойх чимээгээр сэртэл хүргэн “намайг хутгалчихлаа ш дээ” гэж хэлээд шууд эргээд гараад явчихсан. Би араас нь хувцсаа өмсөөд гарахад эхнэр нь хажууд нь байсан. … 00 цаг 39 минутад түргэн дуудсан. Түргэн удалгүй 10 минутын дотор ирээд аваад явсан…” талаар ярьсан байна.
Улмаар хэргийн газраас хохирогчийн эмнэлэг рүү авч явсан хэдий ч амин газартаа хүнд шархадсан учир аврагдаж чадалгүй амь хохирсон байна. Харин мөрдөн шалгах явцад гэмт хэрэг үйлдэхэд ашигласан зэвсгээ нуусан байсныг нь олж тогтоожээ.
Иймд гэрч нарын мэдүүлэг, цагдаагийн мөрдлөг, шүүх шинжилгээний дүгнэлт зэргээр хэрэг үйлдсэн болохыг нь тогтоосон байна.
Шүүх байгууллага хэргийн нотлох баримт, гэрчийн мэдүүлэг зэрэгт үндэслэн шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн хэмээн үзэж 10 жилийн ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
Холбогдсон хэргийн хуулийн заалт: Эрүүгийн хэргийн 10.1.1
- Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ