П.ДЭЛГЭРНАРАН: ӨНӨӨДӨР Н.НОМТОЙБАЯРЫГ НЭР ДЭВШИГЧЭЭР БҮРТГЭЖ, НЭР ДЭВШИГЧИЙН ҮНЭМЛЭХ ГАРДУУЛАХ БОЛОМЖГҮЙ
Захиргааны хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч Н.Номтойбаярын Сонгуулийн ерөнхий хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийг нэр дэвшигчээр бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгохыг Сонгуулийн ерөнхий хороонд даалгаж шийдвэрлэсэн.
Харин захиргааны хэргийн шүүхийн шийдвэр албажиж СЕХ-нд ирээгүй байгаа аж. Иймд СЕХ давж заалдах шатны шүүхэд хандаагүй байна.
Энэ талаар СЕХ-ны дарга П.Дэлгэрнарангаас тодруулахад, "Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн тогтоол албажиж ирээгүй байна. Тиймээс Өнөөдөр Н.Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх гардуулах боломжгүй" хэмээлээ.