ОЙ 2 САРТАЙ ХҮҮХЭД НАС БАРСАН ЦЭЦЭРЛЭГ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ 4 ЖИЛ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛСАН

GNNGNN
Nov 22, 2024  
 0
ОЙ 2 САРТАЙ ХҮҮХЭД НАС БАРСАН ЦЭЦЭРЛЭГ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ 4 ЖИЛ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛСАН

Сонгинохайрхан дүүргийн 34-р хорооны нутаг дэвсгэрт байрлах цэцэрлэгт 1 ой 2 сартай хүүхэд нас барсан хэрэг өнгөрсөн 10 сарын 28-нд гарсан. Хүүгийн ээж Д.Нандинболор шүүх шинжилгээний дүгнэлттэй өнөөдөр танилцсаны дараа мэдээлэл өглөө. Тэрбээр "Хүүг минь ханиад нь хүндэрч, хатгаа болж, бусад эрхтнүүдэд нөлөөлж, зүрх нь зогссон гэсэн дүгнэлт гарсан. Би үүнтэй санал нийлэхгүй. Холбогдох газруудад хандаж, эцсээ хүртэл явна" гэв. Мөн тэрбээр тус цэцэрлэг тусгай зөвшөөрөлгүй 4 жилийн турш үйл ажиллагаа явуулж байхад яагаад шалгалт явуулж, арга хэмжээ аваагүйг хөндсөн.

Д.Нандинболор  ажилдаа оръё гэж шийдэн, нөхөртэйгээ ярилцаад хүүхдээ цэцэрлэгт өгөхөөр судалсан байна. Тус цэцэрлэгт анх очихдоо ямар ч гэрээ байгуулаагүй, камертай, эсэхийг нь шалгаагүй аж. Цэцэрлэг нь камергүй гэдгийг 10 сарын 28 буюу хүүгээ нас барсан өдөр мэджээ. Д.Нандинболор "Цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийг лавлаагүй нь миний буруу. Хүүгээ цэцэрлэгт өгөхдөө тусгай зөвшөөрлийг нь шалгах бодол ер төрөөгүй" гэв.