О.ХАНГАЙ: ЭЦЭГ ЭХ БИДНИЙХЭЭ СЭТГЭЛД ҮҮРД ОРШИХ ҮРСИЙГЭЭ, САНАН ДУРСАХ ӨДӨР ИРЭХ НЬ

Улсын аварга О.Хангай алдарт эхийн одонд амиа алдсан хүүхдийг тооцдоггүй талаар хөндөн бичиж, түүний дэвшүүлсэн асуудал шийдэгджээ.
Энэ талаар тэрбээр "Одоогоос жилийн өмнө олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар өөрийн цахим хуудсанд болон ерөнхийлөгчийн тамгын газарт хүсэлт гаргаж саналаа илэрхийлж байсан.
Энэ хуулинд нэмэлт өөрчлөлт орж, Алдарт эхийн одонгоор шагнах журмын 2.3.2 дахь хэсэгт “Эх хүсэлт гаргасан бол нэг ба түүнээс дээш настай нас барсан хүүхдийг Алдарт эхийн одонгоор шагнах хүүхдийн тоонд хамруулж болно” гэсэн байна.
Тиймээс хүүхэд нь нэг нас хүрээд нас барсан ээжүүд Алдарт эхийн одонгоор шагнуулах материалаа харьяа сум дүүрэг, хороондоо өгөх боломжтой боллоо. Эцэг эх биднийхээ сэтгэл зүрхэнд үүрд орших үрсийгээ илүү тодоор санан дурсах өдөр ирэх нь ээ. Ээжүүдийнхээ өмнөөс баяртай байна" гэжээ.