НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ БҮХ ШАТАНДАА ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ

GNNGNN
Jun 23, 2025  
 0
НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ БҮХ ШАТАНДАА ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өмнөх зөвлөгөөний үеэр өгсөн үүрэг даалгаврын биелэлт, нийслэлийн хэмжээнд соёл, аялал жуулчлалын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, худалдан авах ажиллагаа, газар чөлөөлөлтийн ажлын явц, 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил, “Хүрээ цам-Даншиг наадам 2025” болон Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлыг чанартай гүйцэтгэх талаар хэлэлцлээ. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 23 үүрэг даалгавар өгсөн бөгөөд дундаж хэрэгжилт нь 71.5 хувьтай байсан юм.
undefined
Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 91 ажилд 5265 нэгж талбар газар чөлөөлөлтийн нөлөөлөлд өртөөд байна. Газар чөлөөлөлтийн ажлын гүйцэтгэлийг чанаржуулж байгааг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Мөнхбаатар шуурхай зөвлөгөөний үеэр танилцууллаа. Тодруулбал, гэр хорооллыг орон сууцжуулах ажилд нөлөөлөлд өртсөн 2622 нэгж талбар байна. Авто зам, замын байгууламж, инженерийн шугам сүлжээний ажилд нөлөөлөлд өртсөн 1178 нэгж талбар байна. Сургууль, цэцэрлэг, тэдгээрийн зогсоол, гал түймэр унтраах анги, хог шатаах үйлдвэр болон бусад нийгмийн дэд бүтцийн чиглэлийн ажилд нөлөөлөлд өртсөн 1465 нэгж талбар байна. Үргэлжлүүлэн нийслэлийн хэмжээнд 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг танилцуулав.
undefined
Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнөөр хотын дарга Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө.
  • Нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг бүх шатандаа эрчимжүүлэх, ялангуяа явган хүний замын ажил, барилга байгууламж, дэд бүтэц, тохижилт, ногоон байгууламжийн ажлуудаа эрчимжүүлэх,
  • Нийслэлийн төсвийн тодотголын бэлтгэлийг сайтар хангаж ажиллах,
  • Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах салбар хороодын ажлын уялдаа холбоог сайтар хангаж, бэлтгэл ажлыг чанартай гүйцэтгэх,
  • Хог, хаягдлыг цагийн хуваарийн дагуу ачиж, тээвэрлэх ажлыг газар дээр нь явж хэрэгжилтэд хяналт тавих,
  • 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг тогтмол шалгаж, инженерийн шугам, сүлжээний ажлуудыг эрчимжүүлэх,
  • Улсын дугааргүй хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийг шалгаж, дугаарыг стандартад нийцүүлэх,
  • Нийслэлийн дүүрэг, хороод уялдаа холбоотойгоор чанартай ажлуудаа гүйцэтгэх,
  • Замын хөдөлгөөний хяналтын камер, зөрчлийн арга хэмжээг чанаржуулах, үзэгдэх орчинд нөлөөлж буй мод, бут, кабель шугамыг цэгцлэх зэрэг үүрэг даалгаврыг өглөө.