НИЙСЛЭЛ 2027 ОНД 4.89 ИХ НАЯД ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва 2027 оны төсвийн төслийг 4.89 их наяд төгрөгийн зарлагатай, 4.6 их наяд төгрөгийн орлоготой байхаар боловсруулж, НИТХ-д өргөн барилаа. Орлого, зарлагын 290 орчим тэрбум төгрөгийн зөрүүг 2026 оноос үлдэх мөнгөөр нөхөхөөр төлөвлөжээ.
Ирэх онд нийслэл зээл, үнэт цаасны үндсэн төлбөр болон хүүд 823.75 тэрбум төгрөг төлнө. Үүний зэрэгцээ 2.78 их наяд төгрөгийн үнэт цаас шинээр гаргахаар төлөвлөсөн бөгөөд 1.81 их наяд төгрөгөөр 2024 онд гаргасан 500 сая ам.долларын гадаад бондыг дахин санхүүжүүлнэ.
Зардлын томоохон хэсгийг утаа, нийтийн тээвэрт зарцуулахаар тусгажээ. Тодруулбал, хагас коксон түлш худалдан авахад 400 тэрбум, нийтийн тээврийн үйлчилгээнд 463.9 тэрбум, авто замын салбарт 352.8 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.
Мөн сургууль, цэцэрлэгийн хөрөнгө оруулалтад 181.6 тэрбум, эрүүл мэндийн салбарт 86 тэрбум, газар чөлөөлөлтөд 200 тэрбум төгрөг зарцуулна. Ирэх онд нийтийн тээврийн автобусны тоог 117-гоор нэмэгдүүлж, 15 шинэ суурьшлын бүсэд үйлчилгээ хүргэхээр төлөвлөжээ.
Түүнчлэн нийслэлийн төрийн албан хаагчдын орон тоог 1000-аар бууруулж, хэмнэсэн хөрөнгөөр ачаалал өндөртэй ажилтнуудын цалинг нэмэхээр болсон байна.
2027 онд нийт 292 төсөл, арга хэмжээнд 1.48 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн нь 2026 оны анхны төсөвт тусгасан хоёр их наяд төгрөгөөс бага дүн юм.
Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг НИТХ-аар хэлэлцэж, арванхоёрдугаар сарын 5-ны дотор батлах ёстой.
