НАСАНД ХҮРЭЭГҮЙ ОХИДЫГ АЖИЛД ОРУУЛАХ НЭРЭЭР ХУУРЧ, БАГАНУУР ДҮҮРЭГТ ТЭЭВЭРЛЭН ХҮРГЭЖ БИЕИЙГ НЬ ҮНЭЛҮҮЛЖЭЭ
Прокурорын байгууллага 2026 оны аравдугаар сарын 5-9-ний өдрүүдэд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 45,254 эрүүгийн хэрэгт хяналт тавьж, 400 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Энэ хугацаанд гэмт хэргийн шинжтэй 1,660 гомдол, мэдээлэл бүртгэж, 894 хэрэгт хэрэг бүртгэлт шинээр нээсэн байна.
Яллах дүгнэлт үйлдсэн 400 хэргийн 158 нь хүний эрүүл мэндэд халдсан, 101 нь замын хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчсөн, 81 нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байжээ. Мөн мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авч, хадгалсан, улсын хилээр нэвтрүүлсэн, бусдад худалдсан хэд хэдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Тухайлбал,
Нэг хүн Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр зорчихдоо “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг тээшиндээ нууж, улсын хилээр нэвтрүүлэн, бусдад худалдсан хэрэгт холбогджээ. Уг хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна.
Түүнчлэн “Play Time” арга хэмжээний үеэр сэтгэцэд нөлөөт бодис биедээ хадгалж байсан хэрэгт нэг хүнд яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.
Үүнээс гадна ар гэрийн хараа хяналт сул, насанд хүрээгүй охидыг ажилд оруулах нэрээр хуурч, Багануур дүүрэгт тээвэрлэн хүргэж, бусдад биеийг нь үнэлүүлсэн хэрэгт гурван хүнийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.
