Н.АЛТАНХУЯГ: ЧАТААР ИРСЭН ГОМДЛЫГ ХОЙШЛУУЛШГҮЙ НӨХЦӨЛ ГЭЖ ЯАЖ ТОГТООВ

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан үргэлжилж, УИХ-ын гишүүд Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлээс асуулт асууж, хариулт авч байна. Энэ үеэр "Ноорог" медиаг тойрсон асуудлаар мэдээлэл сонсож байгаа юм.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Би ХЭҮК-ын мэдээллийг анхааралтай сонссон. Хөгшин залуудаа биш. Хүний эрхийн мэдрэмжтэй л ажилламаар байна. Хэний мэдээллээр үүнийг хойшлуулшгүй гэж үзэж байгаа юм. Чатаар ирсэн мэдээллийг хойшлуулшгүй гэж хэн тогтоож байгаа юм? Мэдээж хутга бариад дайрч байгаа бол хойшлуулшгүй байх сан. Хүнийг залхаан цээрлүүлдэг аргыг та нар хэрэглэсэн. Энд тэнд явж байсан залуусыг цуглуулж авчраад үүр цайтал байлгана гэдэг эрүүдсэн гэсэн үг. “Хуцаарай та нар, аятайхан байгаарай” л гэсэн үг. Буруутай этгээдийг олж хариуцлага тооц оо. Хэдий хүртэл ингэж явах юм.
ЦЕГ-ын Хуулийн хэлтсийн дарга Б.Батзориг: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хойшлуулшгүй ажиллагаа гэдгийг тодорхойлсон байгаа. Цагдаагийн байгууллагын хувьд хоногт дунджаар 7-8 мянган удаагийн хандалт ирдэг. 2 мянга нь хойшлуулшгүй нөхцөлтэй байдаг. Өмнө нь хэд хэдэн хэрэгт шалгагдаад явж байгаа хүмүүс дээр нэмэлт дахиад гомдол ирэхээр хойшлуулшгүй нөхцөлд тооцсон гэж ойлгож болно.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Чи надад хууль тайлбарлахгүй. Би наад хуулийг чинь бичилцсэн учраас, зөвхөн энэ тохиолдолд яаж хэрэглэсэн юм бэ гэдгийг асууж байна. Яаж хэрэглээд энэ нөхцөлийг хойшлуулшгүй гэж тодорхойлсон юм. Яг энэ залуусын хэдийг нь хорьчихоод байгаа юм, үүнийг хэл.
ЦЕГ-ын Хуулийн хэлтсийн дарга Б.Батзориг: Нийтэд мэдээлэх боломжтой хүрээнд гурван хүн хоригдсон гэж ирсэн. Ямар гурван хүн гэдгийг мэдэхгүй байна.