МОНГОЛООС ЗУНЫ ПАРАЛИМПЫН НААДАМД 12 ТАМИРЧИН ӨРСӨЛДӨНӨ

GNNGNN
Aug 27, 2024  
 0
МОНГОЛООС ЗУНЫ ПАРАЛИМПЫН НААДАМД 12 ТАМИРЧИН ӨРСӨЛДӨНӨ
Зуны Паралимпын XVI наадам эхлэхэд 13 хоногийн хугацаа үлдлээ. Энэ удаагийн наадамд спортын 22 төрлөөр 4400 гаруй тамирчин 549 медалийн төлөө өрсөлдөнө. Манай улс зургаан төрөлд 12 тамирчнаа илгээхэд бэлэн болжээ. Монголоос тус наадамд жүдо, байт харваа, таеквондо, пауэрлифтинг, хөнгөн атлетик, усанд сэлэлтийн төрөлд оролцох юм.
1988 оноос эхлэлтэй тус наадамд Монгол Улс 2000 оноос оролцож эхэлсэн бөгөөд хоёр алт, гурван хүрэл медаль хүртээд байна. Пара наадмын хамгийн анхны медалийг хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Баатаржав 2008 онд хүртэж байсан бөгөөд тэрбээр байт харвааны төрөлд алтан медаль зүүж, төрийн дууллаа эгшиглүүлсэн түүхтэй. Түүнээс хойш хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ, гавьяат тамирчин Б.Ууганхүү нар пара наадмаас медаль хүртсэн гавьяатай. XVI наадамд оролцох тамирчдыг танилцуулъя.
undefined
Тус наадмын пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн 107 кг-ын жинд паралимпын алт, хүрэл, ДАШТ-ий гурван алт, дөрвөн мөнгөн медальт, дэлхийн цомын зургаан удаагийн аварга, Ази тивийн хошой аварга, дэлхийн дээд амжилтыг эзэмшигч Э.Содномпилжээ оролцохоор бэлтгэлээ хангажээ. Түүний хувьд наадмын нээлтэд Монгол Улсын тугчаар ажиллах эрхэм хүндтэй үүргийг гүйцэтгэх бөгөөд гурав дахь удаагаа паралимпэд оролцож байгаа нь энэ.  
Тэгвэл Пара хөнгөн атлетикийн төрлийн Т-53 ангиллын тэргэнцэртэй гүйлтийн 100 метрийн зайд олон улсын хэмжээний мастер  П.Энхманлай өрсөлдөнө. Түүний хувьд анх “Токио-2020” паралимпын наадмын замд уралдаж байсан юм. Харин пара хөнгөн атлетикийн F-40 ангиллын бөөрөнцөг түлхэлтийн төрөлд олон улсын хэмжээний мастер Ц.Баттулга оролцохоор эрхээ авчээ. Анх удаа паралимпын наадамд оролцох тэрбээр өнгөрсөн жил “Ханжоу-2022” Азийн зуны паралимпын наадмаас хүрэл медаль хүртсэн юм.
Манай улсаас усанд сэлэлтийн төрлөөр паралимпын наадамд оролцож буй анхны тамирчин нь Х.Номуун болж байна. Тэрбээр чөлөөт сэлэлтийн 50, 400 метрийн зайд уралдах юм. Тэр “Ханжоу-2022” Азийн зуны спортын наадамд хурд хүчээ сойсон, өсөж яваа ирээдүйтэй тамирчин ажээ.
undefined
Үүнээс гадна пара байт харвааны төрөлд ДАШТ-ий багийн хүрэл, Азийн АШТ-ий хүрэл медальт Д.Сэлэнгээ, Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Оюун-Эрдэнэ нарын харваачид Парисын зурхайд цэц сорих нь. Мөн таеквондогийн төрөлд Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар тулалдана. Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнийн хувьд ДАШТ-ий таван алтан медальтай, Азийн таван удаагийн аварга, “Ханжоу-2022” Азийн наадамд түрүүлсэн бөгөөд паралимпын наадамд хоёр дахиа оролцох гэж байна. Харин У.Сүрэнжав нь ДАШТ-ий хүрэл, “Ханжоу-2022” Азийн наадмын мөнгөн медальтай ба паралимпын наадамд анх удаа оролцохоор болж байна. Тэгвэл пара жүдогийн J-1 ангиллын эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Т.Сувд-Эрдэнэ, 70 кг-д Л.Туруунаа, эрэгтэйчүүдийн -90 кг-д Б.Баттөгс, +90 кг-д Д.Ганбат нар зодоглоно.
Монголын тамирчдын түрүүч энэ сарын 18-нд Парисыг зорих бөгөөд 29-нд байт харвааны тамирчид манайхны салхийг хагална. Монголын тамирчдын хуваарийг танилцуулъя.
undefined
undefined