МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ПАРАЛИМПЫН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА
2008 оны есдүгээр сарын 14-ний өдөр Бээжингийн зуны паралимпын наадмын байт харвааны төрөлд Хөдөлмөрийн баатар Д.Баатаржав алтан медаль хүртэж, Монгол Улсын паралимпын наадмын түүхэн дэх анхны алтан медалийн эзэн болсон билээ.
Энэхүү түүхэн амжилтыг мөнхжүүлэх зорилгоор жил бүрийн есдүгээр сарын 14-ний өдрийг “Монголын үндэсний паралимпын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэснээр энэхүү өдөр өнөөдөр тохиож байна. Өнөөдөр Монголын пара тамирчид түүний эхлүүлсэн ялалтын буухиаг үргэлжлүүлж, эх орныхоо Төрийн далбааг дэлхийн тавцанд мандуулсаар байна.
Паралимпын хөдөлгөөн бол зөвхөн спортын амжилтын тухай бус хүний боломж, тэгш оролцоо, эрхэм чанар, хүсэл тэмүүлэл, хязгаарыг даван туулах хүч чадлын илэрхийлэл билээ. Монголын пара тамирчид дэлхийн спортын хамгийн том тайзнаа эх орныхоо төрийн далбааг мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэн, монгол хүнийг чадварыг дэлхий дахинд харуулсаар ирсэн түүхтэй.
