МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙГ ҮҮСГЭН БАЙГУУЛСНЫ 104 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

Монгол Улсын Зэвсэгт хүчнийг үүсгэн байгуулсны 104 жилийн ой, Монгол цэргийн өдөр өнөөдөр тохиож байна.
1921 оны гуравдугаар сарын 18-нд Их жанжин Д.Сүхбаатарын удирдсан Ардын цэрэг Хиагтыг чөлөөлсөн түүхт өдөр.
1921 оны 3 дугаар сарын 1-нд Монгол Ардын нам байгуулагдаж 3 дугаар сарын 6-нд МАН-ын Төв хороо, Цэргийн штабын хамтарсан хурал хийж Хиагт хотын чөлөөлөх шийдвэр гарсан байдаг. Улмаар мөн оны 3 дугаар сарын 14-нд Д.Сүхбаатар нийслэл хүрээн дэх Ардын түр Засгийн газарт илтгэжээ. Ийнхүү Хятадын гамин цэргийн удирдлагад Хиагт хотыг байлдаангүйгээр өгөхийг шаардахад хариу өгөөгүй байна.
Улмаар жанжин Д.Сүхбаатар, дэд жанжин Л.Сумьяа нараар удирдуулсан цэргүүд 3 дугаар сарын 17-ны орой Алтанбулагаас хөдөлж Хиат хотыг довтолсон байна. Д.Сүхбаатар хотын гадуур харуул манаа тавьж хоноод маргааш нь буюу гуравдугаар сарын 18-ний өглөө Ардын журамт цэргүүд Хиагт хотод орж ардын журамт цэрэг эх орноо чөлөөлөх тэмцэлдээ анхны ялалт байгуулжээ.
Харин 2011 онд Монгол Улсын Их Хурлаас “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар жил бүрийн энэ өдрийг “Монгол цэргийн өдөр” болгон тэмдэглэж эхэлсэн юм.