МОНГОЛ БАНХАР ДЭЛХИЙН 18 ҮҮЛДРИЙН НОХОДТОЙ ӨРСӨЛДӨЖ, ТҮРҮҮЛЖЭЭ
ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ҮЗЭСГЭЛЭН ТЭМЦЭЭН ЭНЭ САРЫН 25-28-НЫ ӨДРҮҮДЭД ХОРВАТ УЛСЫН НИЙСЛЭЛ ЗАГРЕБ ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. ТУС ТЭМЦЭЭНД ДЭЛХИЙН УЛС ОРНУУДААС НИЙТ 18,355 НОХОЙ ШИЛДГИЙН ТӨЛӨӨ ӨРСӨЛДӨВ.
"World Dog Show 2024" дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцсон Монгол банхар тэмцээний 11-р группийн нийт 18 үүлдрийн ноходтой өрсөлдөж, түрүүлснээр “Best in group” батламжийг авлаа.
Одоогоор “Дэлхийн нохой судлалын холбоо”-нд нийт 367 үүлдэр албан ёсоор бүртгэлтэй бөгөөд тэднийг хонь, анч нохой гэх зэргээр 11 группэд ангилдаг юм байна. Харин 11-р группэд хараахан тус холбоонд албан ёсоор бүртгэгдээгүй нохдыг хамруулж, нэрлэдэг аж.
"Монголын нохой судлалын холбоо"-ноос "World Dog Show 2024" Монгол банхар тэмцээнд оролцсоноор цаашдаа 2025 онд тус үүлдрийг FCI-д бүртгүүлэх хүсэлт гаргахад том нөлөө үзүүлнэ гэж найдаж байгаа аж.