Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ЦААШДАА ОРОН НУТГИЙН СОНГУУЛИЙГ УИХ-ЫН СОНГУУЛЬТАЙ ХАМТ ЯВУУЛАХ НЬ ЗӨВ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд саналаа өглөө. Тэрбээр "Юуны өмнө сонгогчдодоо саналаа өгөхийг уриалж байна. Парламентын сонгууль бол бодлогын сонголт хийх сонгууль. Орон нутгийн сонгуулийн хувьд иргэдийн амьдралд маш ойрхон шийдвэрийг гаргах хурлын сонгууль. Тиймээс маш бодитой зөв сонголт хийгээсэй гэж бодож байна. Ямар төлөөлөгчийг сонговол Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дөхөм байх вэ гэдгийг бодоорой. Засгийн газар Улаанбаатар хотод нэлээд анхаарсан бодлого явуулна. Орон нутгийг бүсчилж хөгжүүлнэ.
Цаашдаа орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамт явуулах нь зөв гэж бодож байна. Үүнийг бусад намтай зөвшилцөж ярилцана. Сонгуулийн циклээс шалтгаалж Засгийн газар дорвитой шийдвэр гаргаж чадахгүй байна.
Өнгөрсөн хугацаанд нийслэлд дорвитой хөрөнгө оруулалт хийж байгаагүй нь үнэн. 1992 оноос өнөөдрийг хүртэл 10 их наяд орчим төгрөгийг хөрөнгө оруулалт хийсэн байна. Ирэх жилүүдэд 30 их наяд төгрөгт хүргэнэ гэж төлөвлөж байгаа" гэсэн юм.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт өнөөдөр 07.00 цагаас орон даяар эхэлсэн. Санал хураалт Энэ удаагийн сонгуульд 8031 мандатын төлөө 17278 нэр дэвшигч өрсөлдөж байна. Үүнээс бие даагч 268 хүн байгаа юм. Нийслэлийн хувьд 12 тойрог 45 мандат, дүүргийн 181 тойргийн 313 мандатын төлөө нам, эвсэл, бие даагчид өрсөлдөж байна.