Л.ГАНТӨМӨР: ШУДАРГА СОНГУУЛЬ БОЛОХ БОЛТУГАЙ

GNNGNN
Apr 28, 2024  
 0
Л.ГАНТӨМӨР: ШУДАРГА СОНГУУЛЬ БОЛОХ БОЛТУГАЙ

Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, Тэргүүн дэд дарга С.Баярцогт, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Э.Одбаяр нар болон намын бусад удирдлагууд УИХ-ын ээлжит 2024 оны сонгуульд оролцох хүсэлтээ өнөөдөр /2024.04.28/ Сонгуулийн Ерөнхий хороонд хүлээлгэн өглөө.

Төлөөллийн төв байгууллага болох Үндэсний бодлогын хорооны хурлаараа хэлэлцэн шийдвэрлэсний дагуу Ардчилсан нам энэ удаагийн ээлжит сонгуульд оролцох хүсэлт, холбогдох баримт бичгийг Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Одбаяр Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаранд албан ёсоор гардуулан өглөө.

Мөн тэрбээр Ардчилсан нам УИХ-ын ээлжит 2024 оны сонгуульд хуулиа сахин, шударгаар өрсөлдөнө, та бүхэн сонгуулийг шударга зохион байгуулаарай гэж хүссэн юм.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, гишүүн Д.Баяндүүрэн нар Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг зохион байгуулахдаа нам, эвсэл, нэр дэвшигчидтэй хуулийн хүрээнд ил тод, нээлттэй хамтран ажиллахаа илэрхийлээд амжилт хүсэв.

Харин Ардчилсан намын  дарга Л.Гантөмөр “Энэ удаагийн сонгууль их хүнд сонгууль болох нь тодорхой болж байна. 

Энэ нь та бүгдэд хэцүү байх ч туршлагатай баг хамт олон учир сайн зохион байгуулна гэж итгэж байна. Шударга сонгууль болох болтугай” хэмээн Сонгуулийн Ерөнхий хорооны хамт олонд ажлын амжилт хүссэн юм.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт зааснаар Сонгуулийн ерөнхий хороо баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргана.

Ардчилсан нам 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдээ сонгон шалгаруулах журам баталсан. Уг журамд инженер, багш, эмч, хуульч, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, нийтийн эрх ашгийн төлөө зүтгэсэн залуучуудаа нэр дэвшүүлнэ хэмээн тусгасан юм.