Л.ЭНХ-АМГАЛАН: ГУРВАН САР ҮРГЭЛЖИЛСЭН ЦАЛИНГИЙН АСУУДЛЫГ ШИЙДЛЭЭ
Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилчдын цалинг нэмж, нэг мөр болгон цэгцэлсэн бол энэ долоо хоногт багш нарын цалинг 50 хувиар нэмэгдүүлж, нэмэгдэл цалинг үндсэн цалингаас тооцож олгохоор болжээ. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хувьсах зардлын дундаж хэмжээ, түүний бүрэлдэхүүн, итгэлцүүр, журам батлах тухай Засгийн газрын тогтоол батлагдсанаар багш, ажилчдын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлж, бусад нэмэгдэл цалинг Засгийн газраас тогтоосон үндсэн цалингаас олгохоор болсон байна. Мөн нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж хэмжээгээр тооцсон зардлыг энэ тогтоолын хавсралтаар баталсан журмын дагуу энэ оны тавдугаар сарын 1-нээс тооцож санхүүжүүлэхээр болжээ.
Мөн тус хуралдаанаас “Монгол хүүхэд бүрийг мэдлэгийн хоцрогдлоос чөлөөлье” үндэсний хөтөлбөр болон Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх, цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлж, ачааллыг бууруулах зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Энэ талаар Боловсролын сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийв. Тэрээр "Засгийн газрын хуралдаанаар хувьсах зардлын шинэ тогтолцоог баталж, багш нарын нэмэгдсэн цалингаас нэмэгдлүүдийг олгох шийдвэр гаргалаа. Энэхүү шийдвэр ирэх сарын 1-ээс хэрэгжинэ. Бид цаашид багш нарын цалингийн асуудлыг ярихгүй. Цаашид хувьсах зардал нэмэгдсэн тохиолдолд цалин нэмэгдэнэ гэсэн үг. Хоёрдугаарт, монгол хүүхэд бүрийн мэдлэгийн хоцрогдлыг нөхөх үндэсний стратеги, замын зураглалыг баталлаа. Хоёр жилийн өмнө PISA үнэлгээгээр дунд сургуулиа төгсөж байгаа хүүхэд ижил хөгжилтэй орнуудын сурагчдаас хоёроос гурван жилийн хоцрогдолтой байсан. Хот хөдөөгийн хүүхдүүдийн дунд ч ялгаа, хоцрогдол их байна. Тиймээс эдгээр хоцрогдлыг арилгах үндэсний стратегийн газрын зураг тодорхой боллоо гэсэн үг.
Хүүхэд хаана амьдарч, сурч байгаагаас үл хамааран хамгийн сайн багш нараар хичээл заалгаж, хоцрогдлоо арилгах ёстой. Нэг үгээр хэлбэл "Мэдлээ" сургуулийн загварыг бүх алслагдсан сургуулиудад хэрэгжүүлнэ. Энэ нь хамгийн сайн хөшүүрэг болно. Манай 330 сумын дийлэнх нь 12 жилийн тогтолцоотой. Ахлах сургуульд нь дөрөв, таван хүүхэд сурдаг сургууль маш олон бий. Иймээс сум дундын ахлах сургууль, аймаг дээр мэргэжлийн ахлах сургууль байгуулна. Орон нутгийн таван бүсэд Кембрижийн тогтолцоотой таван сургуулийг барьж байгуулна.
Мөн боловсролын салбарт олон жил үргэлжилж буй сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эрчимжүүлэх шийдвэр гаргалаа. Нийслэлд гэхэд 3000-аас дээш хүүхэдтэй сургууль 38 бий. Энэ намрын хичээл эхлэхээс өмнө хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургуулиуд болгож задална. Ямарваа нэгэн хороолол баригдахад сургууль цэцэрлэггүй байгаа нь тогтолцооны гажуудлыг арилгана. Сургууль, цэцэрлэггүй хорооллыг УОК хүлээж авахгүй гэсэн юм. Тэрээр мөн салбартай холбоотой зарим асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв.
-Цалингийн нэмэгдлийг товчхон тайлбарлахгүй юу. Өмнө нь авдаг цалин ямар байдлаар өсч байгаа вэ?
-Өмнө нь багш нарын үндсэн цалин нэг сая 750 мянган төгрөг байсан бол шинэ нэмэгдлээр үндсэн цалин хоёр сая 450 мянган төгрөг болно. Энэ нэмэгдсэн цалингаасаа бусад нэмэгдлүүд тооцогдоно. Өмнө нь бол нэг сая 750 мянга байсан цалинг 2450 мянга болгосон ч нэмэгдлүүдийг өмнөх нэг сая 750 мянгаас тооцож байсныг болиулсан гэж энгийнээр ойлгож болно. Гурван сар үргэлжилсэн цалингийн асуудлыг шийдлээ.
-Цалингийн нэмэгдлийн зардлыг хаанаас ямар эх үүсвэрээс шийдэж байгаа вэ?
-Төсвийн тодотголгүйгээр эх үүсвэр бий болгох хүндрэлтэй. Гэхдээ авдрын ёроолыг ухвал атга гурил гарна гэдэгчлэн төсвийн ерөнхийлөн захирагч нар дотооддоо шийдэхээр зохицуулах гэж байна. Тиймээс энэ жилийн хувьд боловсролын салбарт зарим хөрөнгө оруулалтуудаа зогсоож байна. Эндээс 100 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэр гарч ирж байгаа. Зарим шаардлагагүй үр дүн муутай хөтөлбөрүүдийг түр царцаана. Төсвийн тодотгол хийх хүртэл ийм байдлаар түр зохицуулалт хийнэ.
-Та Хонхны баяр, Үсэглэлийн баяр тэмдэглэхгүй байх тухай шийдвэр гаргасанд эцэг эхчүүд бухимдалтай байна. Энэ шийдвэрийг эргэн харах уу?
-Би төгсөлтийн баяр, үсэглэлийн баярыг бүрэн хориглоогүй. Эцэг эхийн зөвлө гэж дур мэдэн эцэг эхчүүдээс мөнгө татаж, хэдэн зуун мянгаар зугаалдаг, тэрэлжид очиж зугаалдаг асуудлыг болиулна гэж хэлсэн. Харин төгсөлтийн баярыг өмнө нь биднйи үед хийдэг байсан шиг эрдмийн баяр болгож тэмдэглэхийг дэмжиж байгаа. Зарим хувийн сургууль төгсөлтийн баяр гээд Бээжин хүртэл зугаалж байгаа нь зөв үү. Эцэг эхчүүдэд дарамтгүй тэмдэглэхийг уриалсан.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
