ХҮҮХДИЙН БАЯРААР ЗАРИМ ЗАМЫГ ХААЖ, ТУСГАЙ ХӨТӨЛБӨР ТӨВ ТАЛБАЙД БОЛНО
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн олон байршилд нэг өдөр тэмдэглэдэг. Энэ нь нэг газар хэт төвлөрөл үүсгэхгүйгээр баяраа өргөн дэлгэр тэмдэглэх давуу талтай. Ирэх Бямба гаригт тохиох хүүхдийн баяраар зарим замыг хааж, гэрэл дохионы горимд өөрчлөлт оруулахаас гадна төв талбайд нэгдсэн хөтөлбөр болох аж.
Одоогоор хөтөлбөрийн хуваарь нэгдсэн байдлаар гараагүй ч төлөвлөлтүүдийг хийжээ.
Тодруулбал, хүүхдийн баяраар Чингисийн музейгээс урагшаа Төв шуудангийн уулзвар, Төв талбайн баруун талын уулзвараас Цаг уур, орчны шинжилгээний уулзвар, зүүн талдаа МУИС-ийн уулзвараас ГХЯ-ны уулзвар, Төв талбайн зүүн уулзвараас Спортын төв ордны уулзвар, урд хэсгээрээ Монголын хүүхдийн ордны уулзвараас, Скайтелийн уулзварын хооронд замын хөдөлгөөнийг өнгөрсөн жилийнхтэй адил хязгаарлана.
Зарим замын уулзварын гэрлэн дохионы горимд мөн өөрчлөлт орно. Гэхдээ одоогоор аль аль чиглэлд замын хөдөлгөөний хязгаарлалт хйих нь тодорхойгүй байна.
Түр зохион байгуулалттай зургадугаар сарын 1-нд хүүхдийн парад 10.00-11.00 цагаас Хүүхдийн ордноос Төв шуудангийн уулзвар хүртэл явахаар төлөвлөжээ.
Мөн олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн нэгдсэн арга хэмжээг “Нэгдүгээрт хүүхэд” уриан дор орон даяар зохион байгуулах бөгөөд анх удаа “Kids art festival-2024” дүрслэх урлагийн наадмыг Төв цэнгэлдэх хүрээлэнд хийх гэж буйг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас мэдээллээ.
Энэхүү наадам нь дүрслэх урлагаар дамжуулан хүүхэд, багачуудад урлагийн боловсрол олгох, урлагаар дамжуулан хүүхдийг төлөвшүүлэх, хүмүүжүүлэх, гэр бүлийн нандин, аз жаргалтай дурсамж бүтээх, хамтдаа өнгөрүүлэх чанартай цагийг нэмэгдүүлэх зорилготой аж.
НЗДТГ, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар зэрэг байгууллагууд хамтран хүүхдийн баяраар зохион байгуулах арга хэмжээ, тэдгээрийн хөтөлбөр, зам хаах чиглэл болон анхаарах зүйлсийн талаар мэдээлэл солилцож, холбогдох мэдээллийг нийтэд өгөх юм байна.